Б.Энхбаярын “ганц хуудас” хууль батлагдсан бол оффшороос 95 сая ам.доллар Монголд орж ирэхгүй байв

Б.Энхбаярын “ганц хуудас” хууль батлагдсан бол оффшороос 95 сая ам.доллар Монголд орж ирэхгүй байв

Ерөнхийлөгч Х.Баттулга “оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд 1 сая төгрөг олгох төсөл” өргөн барьсан нь улс төрд гал асааж орхилоо. Оффшор бүс гэдэг татвар маш бага бөгөөд огт татваргүй, нууцлал маш өндөр, төрийн хүнд сурталгүй, үйлчилгээ шуурхай гэсэн шаардлагыг хангасан бүсийг хэлдэг. Тийм учраас улс төрчид болон гэмт хэрэг, хар тамхины бүлэглэлүүд оффшорын бүс нутгийг ихээр сонирхож, хууль бус мөнгөө байршуулдаг гэдэг.

Харин олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс цацсан мэдээлэлд “Багамын болон Панамын баримтаар оффшор бүсэд бүртгэлтэй Монголын 53 компани байна. Тэдгээрийг Монголын 29 “оффшорчид” эзэмшдэг” гэсэн юм. Харин энэ дундаас хэвлэлд бичигдсэн төрийн өндөр албан тушаалтан гэвэл С.Баярцогт дээр нэмж Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нар байв. Энэ бүхнээс “оффшор бүс” гэх мэдээлэл манай нийгэмд танил болж, иргэдийн шүүмжлэлд өрнөх болсон. 

-Б.ЭНХБАЯРЫН “ГАНЦ ХУУДАС” ХУУЛЬ БАТЛАГДСАН БОЛ ОФФШОРЧИД ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭД ДЭЭРЭЭ ДАНС НЭЭХ БОЛОМЖ ҮҮСЭХ БАЙСАН УУ-

Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2016 оны сүүлээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байхдаа ажлын хэсэг ахалж, “албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байхыг хориглох” тухай буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах “ганц хуудас хуулийн төсөл”-ийг байнгын хороонд оруулж “анхны хэлэлцүүлэг дээрээ бүдэрч” байв. 

Учир нь тэрээр “оффшор бүст данстай, мөнгө байршуулсан эсвэл хуулийн этгээд байгуулсан өндөр албан тушаалтан болон төрийн албан хаагч түүнийгээ мэдэгдэж татгалзах ёстой” гэсэн нь дээрх албан тушаалтнууд гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр оффшор бүсэд данс эзэмших боломжийг олгож байна гэх шүүмжлэлд өртсөн юм. 

Ингээд дэд сайд асан Б.Энхбаярыг “оруулж ирсэн ганцхан хуудас хуулиа буцааж тат” хэмээн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж зэмлэж байсан бол зарим гишүүд “хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагчаас дэд сайд Б.Энхбаярыг санаачилгаараа болих хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байв.

Мөн зарим гишүүд Б.Энхбаярыг “сонирхлын зөрчилтэй” гэх хардлагыг ч илэрхийлж байсан юм. Иймд Б.Энхбаяр “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагадаа “Би МАН-ын даргын зөвлөхөөр 2011-2013 онд ажилласан. Сү.Батболд, Ө.Энхтүвшин гэсэн хоёр даргын зөвлөхөөр ажилласан. Тэгсэн чинь Т.Аюурсайхан “Сү.Батболд чинь “Панама Паперс”-т оффшор данстай ш дээ. Чи тэрийг нь л хаацайлах гэж байна” гэж байна лээ” хэмээн мэдэгдэж байсан. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-АТГ-ААС ОФФШОР БҮСЭД УГААСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ ШАЛГАЖ БАЙНА-

Ингээд 2017 онд батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 101.1-д “хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглоно” гэж зааснаар төрийн албан тушаалтнууд хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр дээр оффшор бүсэд данс нээх боломжийг хуулийн хувьд хязгаарлаж өгсөн юм. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Мөн тус хууль батлагдсаны дараа АТГ-ын албан эх сурвалж “2018 онд нийтдээ 74.9 сая. 2019 онд нэмээд 20 орчим сая ам.доллар Монголд орж ирснийг тогтоосон. Нийтдээ 95 сая ам.доллартай тэнцэхүйц хөрөнгө, мөнгөний асуудал яригдаж байна. Гэхдээ энэ бол эцсийн тоо биш. Тодорхой хэмжээнд албан тушаалаа урвуулж ашигласан, хахуульд авсан мөнгөө оффшор бүсээр дамжуулаад, эргээд Монгол Улсад оруулж ирсэн. Үндсэндээ угаагдаад, эргээд хөрөнгө оруулалт, байшин барилга, тоног төхөөрөмж гэх мэт хэлбэрээр орж ирээд, эдийн засгийн эргэлтэд орчихсон байна гэсэн үг. Үүнийг нь бид тогтооно. Зарим хөрөнгүүдийг битүүмжлээд, хамгаалчихсан байгаа. Хэрэг шүүхээр шийдэгдвэл ийм хэмжээний хөрөнгө хураагдах магадлалтай гэсэн асуудал яригдаж байна” хэмээн мэдэгдсан байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Ерөнхийлөгч Х.Баттулгын “Оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд 1 сая төгрөг олгох төсөл”-ийг та биелэх боломжтой гэж үзэж байна уу?

Нийт: 3 саналтай