Орос, Монголын хил орчимд 6,5-6,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Орос, Монголын хил орчимд 6,5-6,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 05:32:59 цагт Орос, Монголын хил орчимд 6,5-6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг газар хөдлөл судлаачид бүртгэжээ. Энэ тухай Европ-Газрын дундад тэнгисийн газар хөдлөлт судалгааны төв мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн голомт Эрхүү мужийн Ангар хотоос 277 км зайд Хөвсгөл нуур орчимд 10 км-ын гүнд байжээ. Түүнчлэн ОХУ-ын Онцгой байдлын яамны Эрхүү мужийн Ерөнхий газрын хэвлэлийн алба "газар хөдлөлтийн голомт нь Монгол Улсад байсан бөгөөд Эрхүүд 4-5 баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн" гэв Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас хүн бэртэж гэмтээгүй тухай мэдээлсэн байна.

Судлаачдын мэдэгдсэнээр, Хөвсгөл аймгийн Ханх сумаас 34 км-ын зайд байсан голомтын чичирхийллийн хүч 8.7 балл байжээ.

Энэ газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймагт түүнчлэн, Хөвсгөл аймгийн нутаг Ханх сум болон Хөвсгөл нуурын ойролцоо газар илүүтэй мэдрэгдсэн аж. Үүний өмнөхөн буюу нэгдүгээр сарын 7-нд Улаанбаатарын цагаар 21:12:46-д Өмнөговь аймгийн Ханбогд сумаас зүүн урд зүгт 21 км зайд 4,2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.