ШҮҮМЖ: Газар хөдлөлтийн үеэр "гамшгаас хамгаалах дуут дохио", МҮОНРТ ч дуугарсангүй

ШҮҮМЖ: Газар хөдлөлтийн үеэр "гамшгаас хамгаалах дуут дохио", МҮОНРТ ч дуугарсангүй

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сард Улс орон даяар Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дасгал сургуулилт хийдэг уламжлалтай.

Харин өнөөдөр өглөө ОХУ болон Монгол Улсын хилийн орчимд орон нутгийн цагаар 05:33 минутад 6,8 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Энэ газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Ханх суманд илүү хүчтэй мэдрэгдсэн ба үүнээс 2 минутын дараа Улаанбаатарт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн юм.

Энэ үеэр зарим иргэд гэрээсээ гарч аюулгүйн талбайд очсон байв. Харин иргэдэд сэрэмжлүүлэх "Гамшгаас хамгаалах дуут дохио" дуугарсангүй. Гэтэл Олон улсын газар хөдлөл, галт уул судлалын байгууллагууд, мэдээллийн сайт, агентлагууд Монголд газар хөдөлснөөс хэдхэн минутын дараа Дэлхий даяар мэдээлжээ.

Энэ талаар ОБЕГ-ын ажилтан “Одон орон геофизикийн хүрээлэнгээс дахин газар хөдөлж магадгүй гэсэн мэдэгдлийг бидэнд өгвөл иргэдэд анхааруулах газар хөдлөлтийн гамшгийн аюулын дуут дохиог дуугаргах юм. Тиймээс тус хүрээлэнгээс ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй учир дохио өгөөгүй. Мөн голомт нь Хөвсгөлд байсан ба энэ нь Улаанбаатарт зөвхөн мэдрэгдсэн учир гамшгийн зарлан мэдээллийг хийгээгүй” гэжээ.

Хөвсгөл аймагт одоо ч газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдэж байгаа талаар иргэд хэлж байна. Гэтэл УОК, ОБЕГ-аас ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй, олон нийтийн статустай Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/ хүртэл нэгдсэн мэдээлэл хүргэхгүй байгааг зарим иргэн шүүмжилж байна. 

Хуульд зааснаар  "Гамшгийн аюулын тухай дохио" гэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас үүссэн гамшгийн хохирлыг бууруулж, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчин, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор бий болсон нөхцөл байдлыг зарлан мэдээллийн хэрэгслээр богино хугацаанд оновчтой хэлбэрээр мэдээлэхийг хэлнэ гэжээ.