Л.Даваабаяр: Дулаан хувцсаа ойр байлгаж, гэрээсээ гарахад бэлэн байгаарай гэж иргэддээ зөвлөсөн

2021-01-12 16:35

Хөвсгөлийн засаг дарга Ш.Идэрбаясгалан: Ханх сумаас бусад газар харьцангуй хохирол багатай байна /ВИДЕО/

Өнгөрсөн шөнө /2021.01.12/ Хөвсгөл аймагт 6,8 магнитудын хүчтэй долоон удаагийн давтамжтай газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн улмаас Ханх суманд хамгийн их хохирол учирч сургууль, цэцэрлэг, банк, сургуулийн дотуур байр гээд албан байгууллагуудын барилга цуурсан бөгөөд мөн айл, өрхийн байшин, гэр эвдэрсэн гэх мэдээлэл байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдлын талаар манай сайт Ханх сумын Засаг дарга Л.Даваабаяртай холбогдож мэдээлэл авч хүргэсэн. Тэгвэл Ханхаас бусад суманд одоогоор нөхцөл байдал ямар байгаа болон Засаг даргын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалантай холбогдож тодрууллаа.

2021-01-12 13:09

Л.Даваабаяр: Дулаан хувцсаа ойр байлгаж, гэрээсээ гарахад бэлэн байгаарай гэж иргэддээ зөвлөсөн

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр үүрээр /2021.01.12/ нийт долоон удаагийн хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтөөс үүдэн сумын бүхий л албан байгууллагууд болон айлуудын байшингийн хана нурсан. Мөн гэрийн хаалга, тооно цуурсан тавилга хэрэгсэл эвдэрсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл Хөвсгөл аймгийн Ханх сумын засаг дарга Л.Даваабаяр “12:00 цагийн байдлаар одоо хүртэл голомтоос 10 км зайд чичиргээ мэдрэгдсэн хэвээр байна. Сургууль, тамгын газрын байрны хана цуурсан бол эрүүл мэндийн төвийн байрны дээвэр нурсан.  55-79 насны 18 хүн дуудлага өгсөн. Тэд зүрх дэлссэн, амьсгаа давхацсан, айсан гэсэн. Өнөөдрийн хувьд бүх ажилчдаа амраасан. Ард иргэдээ тайван байхыг зөвлөж байгаа. Мөн хэзээ ч гарахад бэлэн байж дулаан хувцсаа бэлэн байлгаарай гэж зөвлөсөн. Холбоо, харилцааны бэлэн байдлыг хангаж байна. Ганц, нэг айлын байшин нурсан гэх мэдээлэл ирсэн" гэлээ.

2021-01-12 11:08

ХӨВСГӨЛ: Хүчтэй газар хөдлөлтийн улмаас цэцэрлэг, колонк, захиргааны байрны хана цуурчээ

Өнөөдөр өглөө үүрийн 05:30 цагийн орчимд Улаанбаатар хот болон Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай аймгуудад хүчтэй  газар хөдлөлт мэдрэгдэж, иргэдийг сандаргаад байна.

Тодруулбал, Албаны эх сурвалжууд "Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 26  км зайд  6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр Улаанбаатар хотын Х хороолол орчимд 8 цаг 36 минутад 5 магнитутын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн" гэж мэдэгдсэн.

Харин Хөвсгөл аймгийн иргэдийн зүгээс “унтаж байх үед газар хөдлөлт хүчтэй мэдрэгдсэн учир дотор муухайрч, толгой дүүрсэн. Тиймээс орон сууцны иргэд гэрээсээ гарч гадаа зогсоцгоосон. Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын сургууль, цэцэрлэг, шинээр баригдсан захиргааны байр, шатахуун түгээх газрын хана цуурсан гэсэн” мэдээллийг өгөөд байна.

Мөн Ханх сумын иргэд айдаст автсан тул өнөөдөр гэр гэрт нь байлгахаар шийдвэрлэжээ. Энэ талаар Одон орон гео физикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Ариунаа “манай хүрээлэнгийн зүгээс нарийн судалгааны ажлуудыг эхлүүлээд явж байгаа. Ард иргэддээ хандан хэлэхэд аль болох гарч гүйлдэн, үймэхгүйгээр тайван байхыг зөвлөж байна” гэж мэдээллээд байна. Үүнээс гадна нийслэл амьдарч буй иргэдийн гэрийн  “обжур” хүчтэй савлан, салж унасан тохиолдол ч гарсан байна.