ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх сарын сүүлээр Монголд ирнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх сарын сүүлээр Монголд ирнэ

Энэ жил Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн түүхэн баяр тохиож байгаа билээ. Тус ойн баярыг ОХУ-тай хамтран наймдугаар сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлэхээр товлоод буй. Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт ойн арга хэмжээнүүд болно гэж Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээллэсэн. Хоёр улсын тухайд ихээхэн ач холбогдол өгч байгаа.

Тухайлбал энэхүү ойн хүрээнд ОХУ-ын талаас НАЙМАН сая еврогийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин болон Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нараар ахлуулсан 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.

Тус түүхэн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад дөрөв дэхь удаагийн айлчлалаа хийхээр зэхэж буй юм. Тэрбээр өмнө нь 2000, 2009 онд болон 2014 онд Монголд айлчилсан билээ. Мөн ОХУ-ын Ардын жүжигчин, дуучин Олег Газманов Халх голын 80 жилийн ойгоор Монголд ирж, уран бүтээлээ толилуулах юм.  Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойтой Олег Газманов намтар түүхээрээ нарийн нандин холбоотой юм байна.

Түүний аав Михаил Семёнович Газманов 17 настайдаа Эх орны дайны фронтод явж, Кёнигсбергийг эзлэх тулаанд оролцон  “Германы түрэмгийлэгчдийг ялсны төлөө” медаль хүртэж байжээ.

Түүнчлэн Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэл бий.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд:

  1. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирж оролцоно.
  2. Дорнод аймгийн Халх гол сумыг ОХУ-ын тусламжаар жишиг сум болгох бүтээн байгуулалтын ажил дуусч, нээлтийг хийнэ.
  3. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд ОХУ-ын алдарт Александровын нэрэмжит дуу бүжгийн эрдмийн чуулга Монголд ирнэ.
  4. Баярын өдөр ОХУ-ын уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” нисэх багийнханы үзүүлэх тоглолт болно
  5. Ёслолын жагсаал, буудлага хийнэ
  6. Хоёр орны цэргийн дуучид, бүжигчдийн хамтарсан концерт тоглоно
  7. Хүүхэд залуусын тойрон аялалыг зохион байгуулах
  8. Байлдаанд оролцсон ахмад дайчдын гавъяаг алдаршуулах ажил зохион байгуулах
  9. “Дайчин нөхөрлөлийн замаар” Монгол, Оросын залуучуудын тойрон аялал, уулзалт өдөрлөг болох
  10. Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал
  11. А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт,
  12. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бие бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд
  13. “Халхын голын ялалт-80”, “Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” Зэвсэгт хүчний түүх, цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ болох юм.

Эдгээр төлөвлөгөөг Монгол, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар уулзах үеэрээ ярилцахаас гадна ойг тэмдэглэх ажлын хэсэг хэлэлцээд байгаа ажээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө