ХӨВСГӨЛ: Газар хөдлөлтийн улмаас тус аймгийн нийт найман суманд барилга, байгууламж цуурчээ

ХӨВСГӨЛ: Газар хөдлөлтийн улмаас тус аймгийн нийт найман суманд барилга, байгууламж цуурчээ

Өчигдөр үүрийн 05:32 цагт Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж, тус сумын барилга, байгууламжид хагарал, цууралт олноор үүссэн тухай бид мэдээлсэн билээ. Одоогоор аймгийн онцгой комисс хохирлыг нарийвчлан тогтоох, эрсдэлээс хамгаалах арга хэмжээг аван ажиллаж буй.

Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар тус аймгийн нийт долоон суманд барилга, байгууламж цуурсныг тогтоожээ. Тодруулбал, тус аймгийн:

  • Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх,
  • Цагааннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгын 2 цонх, мөн Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана,
  • Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх,
  • Эрдэнэбулган, Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хана, цонх, шат,
  • Мөрөн сумын Гурван гал өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус тус цууралт үүссэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн байна.  

Мөн өчигдөр оройны 18:00 цагийн үед  Хөвсгөл аймагт дахин 4 магнитудынхүчтэй  газар хөдлөлт болжээ.