ЭМЯ: Агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих боломжтой

ЭМЯ: Агааржуулалтын хоолойгоор халдвар дамжих боломжтой

Өнөөдөр Улаанбаатар хотод коронавирусийн 13 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Эдгээрийн дунд БГД-ийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гэр бүлийн 7 хүн, батлагдсан тохиолдлын хөрш айлын нэг хүн, БЗД-ийн 17-р хорооны хавьтал нэг хүний хөрш, гэр бүлийн 4 хүнээс халдвар илэрсэн байгаа юм.

Энэ мэт ойрын өдрүүдэд нэг орцны хөрш айлуудаас халдвар илэрсэн тохиолдол цөөнгүй гарч байна. Үүнээс агааржуулалт, усны хоолойгоор халдвар дамжих боломжтой юү гэдэг асуулт бий болж байна.

Энэ талаар ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “БГД-ийн 4-р хорооны дөрвөн орон сууцанд зэргэлдээ амьдардаг хүмүүсээс халдвар илэрсэн. Энэ нь дөрвөн орон сууц дундаа нэг СӨХ-тэй, мөн дундаа нэг хүнсний дэлгүүртэй байгаатай хамааралтай байж болзошгүй. Харин БЗД-ийн 17-р хороонд бүртгэгдсэн халдварын тохиолдлууд нь бие биенийхээ хавьтал болсон байсан. Өөрөөр хэлбэл, нэг нэгнийхээ гэрээр орж гардаг хүмүүс байсан” гэсэн юм.

Түүнчлэн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Агааржуулалтын хоолойгоор халдвар дамжсан эсэхийг бид судалж байна. Дэлхийд бол ийм тохиолдол гарсан байдаг. Тодруулбал, Сингапур улсад нэг оффист ажилладаг хүмүүст агааржуулалтын хоолойгоор халдвар тархсан байсан. Мөн Хонконгт нийтийн байрны агааржуулалтын хоолойгоор халдвар дамжсан. Ер нь орон сууцанд амьдардаг хүмүүст лифтээр аль болох зорчихгүй байх, хэрэв лифтэнд зайлшгүй суух хэрэг гарвал хоёроос олон хүнтэй хамт зорчихгүй байх, лифтэнд заавал амны хаалтаа зүүж, хамт зорчиж буй хүнтэй харьцахгүй, нуруугаа харуулан явах хэрэгтэй. Дэлхийн зарим оронд шаардлагатай тохиолдол агааржуулалтын хоолойгоо скочоор таглах зөвлөмж өгч байгаа” гэв.

 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө