А. Навальный энэ ням гарагт ОХУ-д буцаж ирнэ гэж мэдэгдлээ

А. Навальный энэ ням гарагт ОХУ-д буцаж ирнэ гэж мэдэгдлээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный энэ ням гарагт/2021.01.17/ Германаас ОХУ-д буцаж ирэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн талаар CNN агентлаг мэдээллээ. Тэрээр энэ талаараа өөрийн твиттер хуудаснаа бичжээ.

12 дугаар сарын 30-ны өдөр ОХУ-ын Хууль зүйн байгууллагаас сөрөг хүчний удирдагч А.Навальныйг Германаас яаралтай буцаж ирэхгүй бол шоронд хорино хэмээн мэдэгдсэн юм.

Тодруулбал, А.Навальный 2014 онд Авилгатай тэмцэх сангаас 4,8 сая долларыг завшсан хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийн шүүн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа тул нэн даруй ирэхийг сануулсан. Үүгээр ч зогсохгүй дээд шүүхээс түүнд 10 гаруй жилийн хорих ял оноож магадгүй гэж байв. Энэ мэдэгдлийн дараа А.Навальный “Тэд намайг онгоцонд үхээгүйн төлөө шоронд хорихыг оролдож байна. Үүнээс гадна намайг алахыг оролдсон хүмүүсийг илчилсэн, энэ бүхний цаана В.Путин байгааг нотолсон нь тэднийг сандаргаж орхисон бололтой. Би бүрэн эдгэрснийхээ дараа айх зүйлгүйгээр Орос руу буцах болно. Үүнийг амлаж байна” гэж телеграммаар дамжуулан хэлж байсан юм.

Эргэн сануулахад, ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальный өнгөрсөн оны наймдугаар сард Омск хот руу нисэх замдаа ухаан балартаж, яаралтай ослын буултаар эмнэлэгт хүргэгдсэн билээ. Удалгүй түүнийг Зөвлөлтийн үеийн маш хүчтэй хор гэгддэг “новичок”-оор хордуулсан болохыг сөрөг хүчний гишүүд төдийгүй Герман улс ч баталсан юм. Энэ бүх үйл ажиллагааны ард В.Путинг байгаа гэж А.Навальный баталж буй бол ОХУ-ын Засгийн газраас үүнийг эрс няцааж, худал хэмээн маргасаар байгаа нь дэлхийн улс төрийн тавцанд өрнөж буй гол үйл явдлуудын болж байна. 

Эх сурвалж: CNN