Оторчдыг хөөхгүй байх шийдвэр нэг сумын босго ч давалгүй замхарчээ

Оторчдыг хөөхгүй байх шийдвэр нэг сумын босго ч давалгүй замхарчээ

Улсын онцгой комиссоос гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлыг зарласантай зэрэгцэн өвлийн тэргүүн сар эхэлж, хүйтний эрч чангарсан билээ. Үүнтэй холбоотойгоор отор хийж яваа малчид очсон газар бүртээ хөөгдөж туугдлаа гэсэн гомдол тасралтгүй гарах болсон. Учир нь монгол улсын малын тоо бэлчээрийн даацнаасаа 3-5 дахин хэтэрч, зөвхөн энэ онд л гэхэд улсын хэмжээнд 9 сая орчим мал отроор өвөлжинө гэсэн судалгаа бий.

-УЛСЫН ОНЦГОЙ КОМИССИЙН УДИРДЛАГУУД БОЛОН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ШИЙДВЭР НЭГ СУМЫН БОСГО Ч ДАВСАНГҮЙ-

Улс орон даяар онцгой нөхцөл байдалд шилжиж, өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед оторчдод олон төрлийн асуудал тулгарч буй нь мэдээж. Тиймээс УОК, ХХААХҮЯ болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгуудын засаг дарга нартай цахимаар хуралдах үеэрээ ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл оторчдод хүний ёсоор хандах, хөөж туухгүй байхыг анхааруулж байв. Харин тэдний энэхүү шийдвэр нэг сумын босго ч давсангүй замхарч, отор дагасан хэрүүл,тэмцэл намжсангүй үргэлжилсээр байна.

Тодруулбал, Булган аймгийн Дашинчилэн суманд Өвөрхангай аймгаас малаа оторлуулахаар очсон малчдын адууг машинаар хөөн дайрсан гэх асуудал цахим орчинд гаарч, нутгархаг үзлийн улмаас хэрүүл тэмцэл тасрахгүй байгаа аж. Энэ талаар нутгийн иргэдийн нэгдсэн цахим группт “адууг дайрсан, дайраагүй” хэмээн талцан хэрэлдэж, бие биесээ үгээр доромжлон турхирсан харагдана. Мөн энэ талаар нутгийн иргэдийн “Отроор ирсэн малчид заасан газарт тогтдоггүй сэлгэн нүүдэллэдэг, орон нутаг малчдын хооронд бэлчээр, усны маргаан ихээр үүссэн. Хавар гэхэд нутгийн малчдын малд идэх өвс ч олддоггүй. Тиймээс аргаа бараад хөөх дээрээ тулж байна” гэсэн сэтгэгдэл хөвөрчээ.

-МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД “НУТГАРХАХ ҮЗЛИЙГ” ДЭВРЭЭХИЙГ ХАТУУ ХОРИГЛОДОГ-

Мал сүрэг бол үндэсний баялаг тул төрийн хамгаалалтанд байдаг. Монголчууд ч малаа эрт дээр үеэс хайрлан дээдэлж, өсгөж үржүүлсээр ирсэн. Харин бэлчээрийн даац хэтэрснээс малчид аргагүйн эрхэнд нутаг орон сэлгэн, малаа оторлуулах болсон ч зарим нутгийн иргэд оторчдыг хөөж туух гэх мэт асуудал үүссээр байгаа юм. Булган аймагт Баянхонгор, Өвөрхангай, Архангай зэрэг долоон аймгийн 12,6 мянган мал өвөлжиж байна. Нийтдээ 105 өрхийн 623 иргэн малтай нүүдэллэн ирсэн гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар мэдээлээд байгаа юм. Харин цахим орчинд үүнээс үүдсэн хэрүүл маргаан тасралгүй, нутгархах үзэл гааран иргэдийн дунд үл ойлголцол үүссээр байгаа нь харамсалтай. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3.3. Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хэсэгт зааснаар иргэдийг үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, нутгархах үзлийг дэврээх, энэ шалтгаанаар хүний эрх, эрх чөлөөг зөрчих, улмаар үндэсний эв нэгдлийг сарниулж, дотоодын тогтворгүй байдалд хүргэж болох илрэлтэй хатуу тэмцэл хийнэ” гэж заасан байдаг. Харин эх орон дотроо хөөгдөж туугдсаар ирсэн оторчид, бэлчээрээ харамласан иргэдийн “нутгархах үзэл” гаарсаар үндэсний эв нэгдэлд нөлөөлж орхих вий дээ.