БНСУ-д гацсан иргэд өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

БНСУ-д гацсан иргэд өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

БНСУ-д гацсан монголчууд Сөүл хотын Консулын газрын үүдэнд өчигдрөөс эхлэн суулт зарлажээ.

Эдгээр иргэдийн хувьд нутаг буцах хүсэлтээ гаргаж 2020 оны арваннэгдүгээр сарын 12, 13, 16-ны тусгай үүргийн нислэгээр ирэхээр билетээ захиалсан байжээ. Гэтэл манай улсад коронавирусийн халдвар дотоодод тархаж хилээ хаасны улмаас нислэг цуцлагдаж дээрх иргэдийн нөхцөл байдал хүндэрч ойлгомжгүй байдалд ороод байгаа юм. 

Учир нь иргэд Монгол руу явна хэмээн амьдарч байсан орон гэрээ хүлээлгэн өгсөн байна. Тиймээс өөрсдийнх нь буруугаас бус УОК-ын гэнэтийн шийдвэрээс болж хүнд байдалд орсондоо харамсаж байна гэв. Эдгээр иргэдийн хувьд 63 хоног хүлээлтийн байдалтай байсны улмаас санхүүгийн хувьд хүндэрч орон оронгүй болж улмаар  эрүүл мэндээрээ хохирч хүндхэн байдалд орсон байна. Уг нөхцөлд орсон зарим иргэдийн хувьд өлсгөлөн зарлаж ч эхэлжээ. Тэдний дунд бие давхар хүн ч бий гэх мэдээлэл байгаа юм. Мөн Элчин сайдын яамаар дамжуулан УОК-руу өдөр бүр өргөдөл өгч байгаа ч хариу өгөөгүй байна. 

Тиймээс тэд 10 хоног жагссаны эцэст өчигдрөөс буюу 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс суулт зарлаж эхэлсэн байна.

Энэ 18-ны дотор УОК-оос албан бичгээр хариу мэдэгдэл өгөөгүй, эсвэл тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.