Өнөөдрийн нислэгээр ирэх байсан ч БНСУ-д нас барсан иргэн унтаад өглөө сэрээгүй гэв

2021-01-15 12:39

Өнөөдрийн нислэгээр ирэх байсан ч БНСУ-д нас барсан иргэн унтаад өглөө сэрээгүй гэв

Өнөөдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт багтан эх орондоо ирэх гэж байсан монгол улсын иргэн БНСУ-д нас барсан харамсалтай хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Бид энэ талаар БНСУ дахь консулын газраас тодруулах гэсэн боловч өнөөдөр нисэх тусгай үүргийн онгоцон дээр ажиллахаар явжээ.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь 1986 онд төрсөн, эрэгтэй залуухан хүн байсан гэв. Мөн ямар нэгэн  өвчин эмгэг байгаагүй бөгөөд орой унтахаар хэвтээд өнөөдөр өглөө сэрээгүй байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд яаралтай эх орондоо ирэх хүсэлтээ байгаагаа удаа дараа мэдэгдэж, өнөөдрийн тусгай үүргийн онгоцонд багтаад байсан гэсэн мэдээлэл байна.  

 

2021-01-15 12:00

Өнөөдрийн тусгай үүргийн нислэгт багтаж Монголд ирэх байсан иргэн БНСУ-д нас баржээ

Өнөөдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт багтан эх орондоо ирэх гэж байсан Монгол Улсын иргэн БНСУ-д нас барсан харамсалтай мэдээлэл манай редакцид ирлээ.

Тэрээр өнгөрсөн хугацаанд яаралтай эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдэж, өнөөдрийн тусгай үүргийн онгоцонд багтсан байсан ч эх орондоо ирж чадалгүй ийнхүү хүний нутагт нас баржээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, нас барсан иргэний ар гэр нь Монголоос холбогдож БНСУ-д суугаа Консулын газарт энэ талаар мэдэгдсэн аж. Мөн БНСУ-д байгаа нэгэн иргэний ар гэрийн хүн монголд нас барсан зэрэг харамсалтай үйл явдлууд өнөөдөр болжээ.

Өнгөрсөн хугацаанд БНСУ-д гацсан эх орондоо ирэх хүсэлтэй жирийн иргэд тус улсад хөдөлгөөн өрнүүлж, өлсгөлөн зарлаад байгаа билээ. Учир нь тэд 2020 оны арван нэгдүгээр сарын нислэгээр эх орондоо ирэхээр онгоцны билетээ захиалсан ч хөл хорионы улмаас тусгай үүргийн нислэг  тодорхойгүй хугацаагаар цуцлагдаж, тэд эх орондоо ирэх боломжгүй болоод байсанд эсэргүүцлээ илэрхийлсээр өнөөдөр нэг онгоц нисгэх зөвшөөрлийг аваад байсан юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.