ДЭМБ: 2021 он коронавирусийн халдварын тархалт өндөр, хэцүү он байх болно

ДЭМБ: 2021 он коронавирусийн халдварын тархалт өндөр, хэцүү он байх болно

БНХАУ-д коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж, ДЭМБ албан ёсоор зарласнаас хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 221 оронд/арал улсыг тооцсон/бүртгэгдээд байна. 2020 онд дэлхий нийт коронавирусийн анхны вакцинтай золгосон ч 2021 онд тархалт нэмэгдэж, цар тахал үргэлжилсээр байна гэдгийг ДЭМБ анхааруулжээ. Үүнд Их Британи, Африкт бүртгэгдсэн тархах чадвар өндөр коронавирусийн халдвар ч нөлөөлөх магадлал өндөр байгаа аж.

Цар тахал хэзээ дуусах талаар олон улсын эрдэмтэн, судлаачид өөрсдийн таамгийг дэвшүүлсээр байна. АНУ-ын Мэриландын Эрүүл мэндийн их сургуулийн халдварт өвчний ахлах эмч, анагаах ухааны доктор Фахим Юнус “Вирус мутацид орж, өөрчлөгдөж байгаа учраас цар тахал хэзээ дуусахыг таамаглах аргагүй. Ямартай ч өнөөдрийн нөхцөл байдлаас харахад 2021 онд бид цар тахалтай тулалдсаар байх болов уу” гэжээ.

Мөн Анагаах ухааны доктор Десай “Коронавирусийн мутацлагдсан төрөл, вакцинжуулалт зэргээс хамаарч 2021 оны эцэст 30 орчим улсад цар тахал зогсох магадлалтай. Бусад улс 2022 онд зосгоож магад” гэжээ. ОХУ-ын вируслогичид ч ирэх намраас нааш тархалт намжихгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “Цар тахал гэнэт ирсэн шигээ гэнэт явахгүй. Хүн төрөлхтөн үүнтэй удаан хугацаанд тэмцэх болно. Хэдийгээр бид коронавирусийн вакциныг баталсан ч/”Pfizer” вакцин/ 2021 он бол коронавирусийн халдварын тархалт ихтэй, хүнд хэцүү он байх болно” гэжээ.

Эрдэмтэн, докторуудын таамаглалаас харахад хэдий вакцин гарсан ч коронавирусийн мутацид орсон шинэ төрөл гарч ирж буй нь ихээхэн асуудал болох төлөвтэй байна. Хувьсан өөрчлөгдөж буй вирусийн шинэ хэлбэрүүдийн талаар CNBC дараах байдлаар тоймлон бичжээ. 

  • Өнгөрсөн оны есдүгээр сард Их Британи улсын Кент мужид анх илэрсэн мутацид орсон вирусийг вируслогочид “VOC292912/01” гэсэн нэршил өгсөн бол зарим судлаачид товчоор В.1.1.7 гэж нэрлэж байна. Одоогоор Европ, Хойд Америк, Дани, Нидерланд, Австри, Япон зэрэг хэд хэдэн улсад энэхүү вирусийн халдвар бүртгэгдээд байгаа юм.
  • Дани улсын хувьд фермерийн аж ахуйд өсгөн үржүүлж байсан булгаар дамжиж коронавирусийн хувирсан байх магадлалтай гэж эрдэмтэд үзэж байна.
  • Өмнөд Африк улсад илэрсэн мутацид орсон хэлбэрийг судлаачид “501Y.V2” гэж нэрлэжээ. Өмнөд Африк 60.0 гаруй сая хүн амтай, хүн амын дунд орлогын ялгаатай байдал их, ядуу иргэдэд эмнэлгийн үйлчилгээ төдийлөн хүртээмжтэй биш байдаг тул цаашид энэхүү вирус улам тархах магадлалтай байна.
  • БНХАУ-д улсад анх бүртгэгдсэн тус вирус мөн тархах явцдаа тодорхой хэмжээгээр хувьсан өөрчлөгдсөн бөгөөд одоо дэлхий нийтээр тархаж буй төрлийг "ковид"-ийн “D614G” гэсэн төрөл гэж үзэж байна.
  • Вируслогичид аливаа вирус хүнээс хүнд халдан тархах явцдаа улам бүр хувьсан өөрчлөгдөж байдаг гэж үздэг. Иймээс коронавирус ч тухайн тархаж буй улс орны иргэдийн дархлааны тогтолцоо, биеийн онцлогоос хамаарч  өөрчлөгдсөөр л байх болно гэж анхааруулжээ.

Ийнхүү хувьсан өөрчлөгдсөний улмаас учирч болох гол хүндрэл нь:

  • Вирусийн халдварлах чадвар нэмэгдэх магадлалтай;
  • Одоо бүтээгээд байгаа тодорхой нэр төрлийн вакцины дархлаа тогтоох чадварт муугаар нөлөөлж, улмаар вакциныг цаашид улам сайжруулах шаардлага үүсэх талтай.

Эх сурвалж: Washingtonpost, CNBC