Ц.Туваан: Би тамгаа шинээр сонгогдсон даргад шилжүүлж өгнө

Ц.Туваан: Би тамгаа шинээр сонгогдсон даргад шилжүүлж өгнө

Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа нар өнөөдөр (2021.01.15) мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Ардчилсан намын X их хурал арванхоёрдугаар сард болж, АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Улсын дээд шүүх өчигдөр хуралдаж, Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг зүйл заалтууд, өмнөх дүрмийн зүйл заалтуудад тодорхойгүй зүйл заалтууд орсон гэж үзсэн. АН-ын X их хурал бол хүчин төгөлдөр хурал. Улсын дээд шүүхээс тодруулах зүйл байна гэж хэлсэн. Бид дээд шүүхийн шийдвэр цаасаар гарс ирсний дараа тодруулах ёстой шаардлагын дагуу материалаа бүрдүүлж, дахин хүсэлтээ өгнө. Миний бие АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Намын дүрмийн дагуу өмнөх намын дарга хариуцлага хүлээж, би намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, дараагийн намын даргад тамга, тэмдэгээ хүлээлгэн өгнө. Сүүлийн үед эрх баригч намын зүгээс АН-ыг хоёр хуваах, хүчгүй байлгах, хагарсан мэт харагдуулах процессуудыг явуулж байна. АН өөрөө 200 мянган гишүүнтэй. Энэ хүмүүсийн дэмжлэг байдаг учраас бид зөв зүйл, шударга ёсны тэмцэлээ цаашид үргэлжлүүлнэ. Үндсэн дүрмийн жижиг алдааг дахин засч, Улсын дээд шүүхэд бид дахин хүсэлтээ өгч, намын даргын үүрэг гүйцэтгэгч гэх бүртгэлээ сэргээх хүсэлтээ дахин өгнө" гэлээ.

Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа "Өнгөрсөн хугацаанд АН-ын үйл ажиллагаа доголдож, хоёр хуваагдсан гэх агуулгыг иргэдэд өгөх гэж оролдлоо. Яг өнөөдрийн байдлаар аймаг, дүүрэг, нийслэлийн нам дотроо хуваагдсан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. 2017 оны намын дүрмийн өөрчлөлтөөр намын дүрэм бүртгэх асуудал Улсын дээд шүүхээс буцаж, намын дүрэмд редакцийн засвар байна гээд С.Эрдэнэ даргалж байхдаа 14 хоногийн хугацаанд засч, Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан. Бүртгэлийн хувьд тохиолддог үйл ажиллагаа болохоос нам бутарсан зүйл байхгүй. АН дотроо үл ойлголцолтой, удаашралтай явагдаасай гэдэг хүсэл  АН-ын эсрэг байр суурьтай хүмүүст ашигтай байгаа учраас ийм үйлдэл гаргаж байна" гэв.

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Улсын дээд шүүх анх цахим бүртгэлд таныг бүртгэсэн хэрнээ одоо яагаад хасагдаж байгаа юм бол. Мөн С.Эрдэнэ одоо болтол намын дарга хэвээрээ гэж тайлбарлаад байгаа?

-Улсын дээд шүүхийн шийдвэр цаасаар ирсний маргааш нь бид хүсэлтээ өгнө. X их хурлаар баталсан Үндсэн дүрмээ засаад өгнө. Улсын дээд шүүхэд цахим бүртгэлд миний бие намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэх хүсэлт өгсний дагуу бүртгэсэн. Зарим нэг шаардлагатай тодруулах зүйл байгаа гэж ойлгож байгаа учраас дахин хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгнө. Би дүрмийн дагуу үүрэг гүйцэтгэгч хийж, үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Улсын дээд шүүх танай намын даргыг эрх бүхий хүн тодорхойгүй гэсэн тайлбар өгсөн байсан?

-Улсын дээд шүүх цахим бүртгэлийн санд бүртгэсэн бүртгэлдээ тодорхой шийдвэрүүдээ тодруулж өгөх хүртэл, бүртгэсэн бүртгэлээсээ Ц.Тувааны нэрийг хассан. Бид баримтуудаа тодруулж өгсний дараа Ц.Тувааныг бүртгэх хүсэлтийг дахин өгнө. АН-ын удирдлагад Нийслэлийн АН-ын дарга ордог. Тэр дагуу Нийслэлийн АН-ын дарга, Хэрэг эрхлэх газрын дарга нар намын удирдлагын үүрэг гүйцэтгээд явж байна.

Танай намын тамга аль нь хүчинтэй юм бэ. УБЕГ-аас мөн тайлбар гаргасан байсан шүү дээ?

-Надад гардуулж өгсөн тамга хэвээр байгаа. УБЕГ эрх баригчдын гар хөл болж, хууль бус шийдвэр гаргасан тул бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байна.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө