Халхгол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ: А.Сүхбатыг журмын дагуу долоо хоног тусгаарлана /ВИДЕО/

Халхгол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ: А.Сүхбатыг журмын дагуу долоо хоног тусгаарлана /ВИДЕО/

УИХ-ын гишүүн асан А.Сүхбат коронавирусийн халдварын дэглэм зөрчиж Дорнод аймгийн Халхгол суманд очсон, зөвшөөрөгдөөгүй замаар зорчиж яваад цагдаа нарт баригдсан гэх мэдээлэл өчигдөр зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан.

Түнийг Халхгол сумын онцгой байдлын комиссоос шалгаж улмаар албадан тусгаарласан гэж буй. УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хувьд тус сумаас хурдан удмын адуу авахаар явж байгаад ийнхүү саатуулагдсан гэх. Тэгвэл бид Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэтэй холбогдож уг үйл явдлын талаар мэдээлэл авлаа.

-А.СҮХБАТЫГ 10 ХҮНИЙ ХАМТААР ТУСГААРЛАЖ PCR ШИНЖИЛГЭЭ АВСАН-

-УИХ-ын гишүүн асан А.Сүхбат коронавирусийн дэглэм зөрчин танай суманд зөвшөөрөлгүй нэвтэрч улмаар албадан тусгаарлагдсан байна. Сумын удирдлагууд болон онцгой комиссын зүгээс түүний хийсэн үйлдэлтэй холбогдуулан ямар шийдвэр гаргасан бэ. Хэд хоног тусгаарлах вэ?

-Голомттой бүсээс ирсэн зорчигдыг долоо хоногийн тусгаарлалтад оруулах журамтай. Энэ журмын дагуу долоо хоногийн тусгаарлалтад оруулсан.  Өчигдөр шөнө тусгаарлалтад оруулсан.

-PCR шинжилгээ авсан уу?

-PCR шинжилгээ хийгдсэн. Хариу гараагүй байна.

-Улаанбаатараас гарах хөдөлгөөн хязгаарлагдмал байгаа. Өөрөөр хэлбэл зайлшгүй хүндэтгэх шалтгаантай хүнийг PCR шинжилгээний хариуд үндэслэж гаргана. Гэтэл УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хувьд хурдан морь авахаар явж байсан байна. Энэ талаар танд мэдээлэл байна уу. Ер нь энэ хүн Улаанбаатарт PCR шинжилгээ өгсөн эсэхийг та бүхэн шалгаж үзэв үү?

-Улаанбаатарт PCR шинжилгээ өгөөд хариу гарсны дараа ирсэн байна лээ. Гэхдээ бид дахин авсан. Ажлаар яваа л гэсэн.

-Зөвшөөрөлгүй замаар явж байгаад албаныханд баригдсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Хулгайн замаар яваад ирсэн үгүйг одоо хэлж, тогтоож мэдэхгүй байна. Тусгаарлалтын хугацаа дууссаны дараа хуулийн байгууллага шалгах байх. Манай суманд ирэхээр нь л бид холбогдох хууль, журмын дагуу тусгаарлалтад оруулсан. Яаж ирснийг нь бол би мэдэхгүй шүү дээ.

-Хэдэн хүнтэй хамт тусгаарлагдсан бэ?

-Нийт арван хүнтэй ирсэн.

-Тусгаарлалтад оруулах явцад албаныханы шаардлагыг хүлээж авсан уу. Одоо мөн тусгаарлагдахаас цааргаласан үйлдэл гаргасан уу?

-Асуудал гаргаагүй. Бид мэдээлэл авсан даруйдаа А.Сүхбат гишүүн асаныг зогсоосон. Ингээд үйл ажиллагаагаа танилцуулсан. Ийм нөхцөл, байдалд та ингээд явж байна гэдгийг хэлж шаардлагаа тавьсан. Хүнтэй уулзаж, ийм ажил төрлөөр яваагаа А.Сүхбат гишүүн асан хэлсэн. Бидний хувьд ч журмаа албан ёсоор хэлээд тусгаарласан. Янз бүрийн асуудал үүсгээгүй.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө