Индонезод газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 67 болжээ

Индонезод газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 67 болжээ

Өчигдөр/2021.01.15/ Индонезийн Сулавеси арал дээр 6,2 баллын хүчтэй газар хөдөлсөн талаар бид мэдээлж байв. Тухайн үед Индонезийн Засгийн газраас амиа алдагсдын тоо 7 хэмээн мэдээлж байсан бол 24 цагийн дараа 67 болжээ. Мөн хэдэн зуун хүн сураггүй байгаа юм. 

Индонезийн Цаг уур, цаг уур, геофизикийн агентлагийн мэдээлснээр нийслэл Жакарта хотын цагаар шөнийн 1:28 цагт болсон газар хөдлөлтийн төв нь Мажене хотоос зүүн хойд зүгт зургаан км-ийн зайтай газарт, 10 км-ийн гүнд байжээ. 

Газар хөдлөлтийн төвөөс хойд зүгт орших Мамужу хотод 34 хүн, Маженед 8 хүн нас барсан байна. Мөн  Маженед 637 гаруй хүн гэмтэж, 15 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж тус улсын Гамшгаас хамгаалах үндэсний зөвлөл (BNPB) мэдээлжээ. 

Мөн эдгээр хотод олон тооны барилга нурсан бөгөөд нурангид дарагдсан хүмүүсийг эрж хайх аврах ажиллагаа үргэлжилж байна. Нөхцөл байдлын улмаас амиа алдагсдын тоо дахин нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан хэлж байна.

Эх сурвалж: CNN