Аавынхаа амийг аварсан 13 настай Дэвид хүүгийн түүх

Аавынхаа амийг аварсан 13 настай Дэвид хүүгийн түүх

Хорвоо ертөнц сонин хачин зүйлсээр дүүрэн гэдэг. Тэгвэл энэ удаад өндөр хясаатай ууланд авирч яваад амиа алдах шахсан аавыгаа аварч АНУ даяар алдаршсан нэгэн бяцхан хүүгийн талаарх сонирхолтой түүхийг хуваалцаж байна.  Энэ явдал 2017 оны 8-р сарын 17-нд болсон хэдий ч одоог хүртэл хүмүүс дурсаж, зоригт хүүгийн талаар ярилцдаг бөгөөд олон улсын хэвлэлүүдээр цацагдаж ихээхэн шуугиан тарьж байжээ.

-АЯЛАЛ БҮР САЙХАН ӨНГӨРДӨГ БАЙСАН Ч ТЭР УДААД АЙМШИГТ ЯВДАЛ ТОХИОЛДОЖ ДЭВИД ӨНДӨР ХАДНААС УНАЖ, АМИА АЛДАХ ШАХЖЭЭ-

Нэгэн нарлаг өдөр АНУ-ын Айдахо мужид амьдардаг 52 настай, Дэвид Финлейсон хэмээх эр Чарли гэх 13 настай хүүгийн хамт ууланд авирахаар явжээ. Өмнө нь тэд олон удаа аялалд явж байсан ба ууланд авирч, цанаар гулгаж, эзгүй хээр газар олон хоногоор ч явж байсан удаатай гэнэ. Туршлагатай аялагчдын хувьд хээр хөдөө явахдаа хөтөч авдаггүй, зөвхөн өөрсдөө аялалын кемпед очиж бүртгүүлээд л явдаг байж. Гэтэл тэр удаагийн аялалын үеэр аймшигт явдал тохиолдож аав нь өндөр хаднаас унаж нуруу болон баруун гараа хугалжээ. Зүүн хөл нь ч хурц чулуунд гүн зүсэгдэж яс нь цухуйн харагдаж байсан бөгөөд осол гарсан газраас хамгийн ойрын аялалын кемп хүртэл 20 км зайтай байжээ. Айж сандарсан хүү кемп рүү гүйж, тусламж дуудъя гэж бодсон ч цаг дэндүү их орох тул цус ихээр алдаж байсан аавыгаа үхэж ч магадгүй хэмээн тооцоолсон байна. Ийнхүү тэрээр аавынх нь амь нас өөрөөс шалтгаалах болсныг ухаарч, цус алдаж буй аавдаа яаралтай тусламж үзүүлэхээр шийдсэн байна.

Хүү хэдий 13 настай ч тэр үед огтхон ч уйлж сандралгүй, эр зориг гарган аавынхаа шархыг боон цусыг нь тогтоож, нурууг нь хөдөлгөлгүй чиг тавьж боон, уутанд хөнжилд оруулжээ. Дараа нь нуурын дэргэд хуурай газар олж урц босгон отоглосон байна. Мөн шөнө болохоос өмнө ойр хавьд байгаа мод, бут түүж түүдэг гал асаан аавыгаа дулаацуулж, авч явсан хүнсээрээ шөл хийж гурван өдрийн турш асарч, тэнхрүүлсэн байна. Үүний хажуугаар өндөр халууран, өвчиндөө шаналж буй аавынхаа зовиурыг түр ч болов мартуулах гэж өнгөрсөн адал явдалтай аяллууд, сургууль дээрээ болсон элдэв хөгжилтэй явдлыг ярьж өгч инээлгэн, өөрөө огт унталгүй аавыгаа ажиглаж байсан гэнэ. Хүү нуурын хажууд отог барьсан нь аялагчид нуураар дайрч өнгөрөх байх гэж тооцоолсон байсан ч түүний таамаглал талаар болж гурав хоноход хэн ч ирсэнгүй. Мөн хүү аавыгаа унтуулчихаад  өндөрлөг газарт гарч ойр хавийг харуулдаж байсан ч огт хүний бараа харагдсангүй.

-ААВ ХҮҮ ХОЁР ДЭЭР ХЭН Ч ИРЭХГҮЙ БАЙСАН ТУЛ ХҮҮ ҮҮРГЭВЧЭЭ ҮҮРЭН 20 КМ-ИЙН ЦААНА ОРШИХ БААЗ РУУ ЯВАХААР ШИЙДЖЭЭ-

Аавынх нь бие өдөр ирэх бүр аажмаар муудаж байсан тул хүү ингээд хүлээгээд суугаад байж болохгүйг ухаарч дөрөвдэх өдрийнхөө өглөө 20 км-ын цаана орших аялалын бааз руу явахаар шийджээ. Аав нь хүүдээ арайхийн зам заасан маршрут, тусламж хүссэн бичиг бичиж өгсөн байна. Ингээд хүү дөрөв дэхь өдрийнхөө үүрээр аяны 16 кг хүнд үүргэвч үүрээд аавыгаа орхин явжээ. Тэрээр дараа нь энэ талаар хэвлэлд ярихдаа “Аавыгаа эзгүй нуурын эрэг дээр орхиод явахад надад маш аймшигтай байсан. Би замын хол, үүргэвчний хүндээс огт халшраагүй. Зөвхөн очиход кемпед хэн ч байхгүй байх вий гэдгээс л айж, дотроо залбирсаар явсан” гэжээ.  Харин Чарли хүү аз таарч аавыгаа аврах завшаан олджээ. Тэрээр нуурын эргээс холдон аавынхаа зааж өгсөн хад асга бартаа ихтэй өндөрлөг газраар 10 км орчим яваад байтал кемпийн хөтөч нь аялалын баг удирдан явж байгаатай таарсан байна. Аялагчид ч зэлүүд газар хүнд үүргэвчтэй ганцаараа яваа бяцхан хүү дээр ирэхэд тэрээр учир явдлаа хэлж нисдэг тэрэг дуудан аавыгаа Бойсе хотын “Saint Alphonsus” гэх эмнэлэгт хүргэж чаджээ.

Тэрээр хэд хэдэн хүнд хагалгаанд орсон аавыгаа тэнхэртэл эмнэлэгт олон хоног сахиж, дэргэдээс нь огт холдоогүй бөгөөд тэдэнд тохиолдсон явдлыг сонссон сэтгүүлчид эмнэлэг дээр байнга ирж байжээ. Харин аав нь хүүгээ тэдэнд “тэр бол хэн бүхнээс илүү хүчтэй, зоригтой. Миний хүү бол  миний аврагч мөн бахархал” хэмээн хэлж байсан гэнэ.  Харин хүү нь сэтгүүлчдэд хэлэхдээ “аавтайгаа хамт олон удаа явж байсан аяллын туршлага их тус болсон. Аав маань надад маш олон зүйлийг зааж өгсөн” гэжээ. Дэвид Чарлиг төрсний дараахан хүүгийнхээ ээжээс салж, хүү нь ээжийнхээ хамт Айдахо мужийн Бойсе хотын захад амьдардаг байсан ч ихэнх зуныг аавтайгаа хамт аялаж, зугаалан өнгөрөөдөг байжээ. Харин энэ явдлаас хойш хүү аавтайгаа амьдрах болсон гэнэ.