Японы Засгийн газар Олимпийн наадмыг хойшлуулах асуудлыг хэлэлцэнэ

Японы Засгийн газар Олимпийн наадмыг хойшлуулах асуудлыг хэлэлцэнэ

Коронавирусийн халдварын тархалт дэлхийн орнуудад нэмэгдэхийн хэрээр Японы Засгийн газар болон Олон Улсын Олимпийн Хорооноос/ОУОХ/ энэ зуны олимпийг дахин хойшлуулах эсэх хөндөж эхэллээ. 2020 онд Дэлхийн II дайнаас хойш анх удаа Олимпийн наадам хойшилсон. Энэ хугацаанд Япончууд болон Олимпийн хорооны эрх баригчид наадмыг дахин хойшлуулах боломжгүй хэмээн мэдэгдэж ирсэн. Улмаар аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, тоглолтуудыг зохион байгуулна гэж байсан  ч асуудал улам бүрхэг болж байна.

Япон улс Олимпийн наадамд зориулж цэнгэлдэх хүрээлэн барих, дэд бүтцийг сайжруулах гэм мэт бэлтгэл ажилд аль хэдийн 12 тэрбум гаруй долларыг зарцуулаад буй. Хэрэв энэ жилийн наадмыг дахин хойшлуулбал тус улс төдийгүй ОУОХ ч санхүүгийн хувьд маш том хохирол амсах болно.

Үүнээс гадна саяхан NHK сувгийн иргэдийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь тоглолтыг хойшлуулах болон цуцлах нь зүйтэй гэж үзжээ.

Өнгөрсөн 12 дугаар сард явуулсан судалгаагаар нийт оролцогчдын 71 хувь нь” хойшлуулах нь зүйтэй” гэж үзэж байсан бол нэгдүгээр сард энэ тоо 80 хувь болж өсжээ. Үүнтэй холбоотойгоор парламентын гишүүд Олимпийн наадмыг хойшлуулах эсэхийг ойрын хугацаанд хэлэлцэнэ хэмээн BBC агентлаг мэдээллээ.

Шинэ оны эхний өдөр Японы Ерөнхий сайд Ёшихида Суга 2021 оны Олимпийг “ямар ч нөхцөл байдлаас үл хамааран заавал зохион байгуулна” хэмээн мэдэгдэж байв. Хэрэв Олимпийн наадам зохион байгуулагдвал халдвараас урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүнд:

  • Цөөн тооны үзэгтэйгээр зохион байгуулах,
  • Оролцох хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоог цөөлөх, мөн ганц албан ёсны сувгаар дамжуулах хувилбар,
  • Үзэгчид заавал коронавирусийн вакцин хийлгэсэн байх,
  • Тамирчдыг заавал коронавирусийн шинжилгээнд хамруулсан байх,
  •  Сэтгүүлчдийг зочид буудал, Олимпийн төвүүд, хэвлэл мэдээллийн гол төвүүдээс бусад газарт аялахыг хориглох зэрэг хувилбарууд яригдаж байна. 
Эх сурвалж: BBC, Japantimes