ТОДРУУЛГА: Хүүхдээ чаргаар тоглуулахдаа аюулгүй байдлыг нь хангаагүй эцэг, эхчүүдийг ШАЛГАЖ байна

ТОДРУУЛГА: Хүүхдээ чаргаар тоглуулахдаа аюулгүй байдлыг нь хангаагүй эцэг, эхчүүдийг ШАЛГАЖ байна

Манай улс өнгөрсөн оны арван нэгдүгээр сараас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоогоод буй. Гэсэн хэдий ч өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн гэрээс гаралгүй удсан бага насны хүүхдүүдээ эцэг, эхчүүд ойролцоох уулын ам, голын эрэгт авч очин, цана, чаргаар гулгуулж эхэлсэнтэй холбоотой осол, гэмтэл ихээр гарах болжээ. 

Тодруулбал, 2021.01.17-18-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтсэн осол бүртгэгдсэний дөрөв нь хүүхэд байжээ. 

Үүнээс чаргатай гулгаж байгаад автомашинд мөргөгдөх хэлбэрээр гурван хүүхэд гэмтэж, эмнэлгийн тусламж авсан байна. Бид энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, Улиастай, Морингийн даваа орчимд бага насны гурван хүүхэд чаргаар гулгаж байгаад автомашинд мөргүүлэх мөн явж байсан автомашинтай мөргөлдөх зэргээр бэртэж, гэмтсэн хэрэг гарсан. Тус хүүхдүүдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, арга хэмжээ авснаар одоо хүүхдүүдийн бие харьцангуй сайн байна. 

Харин энэхүү хэрэгтэй холбоотой автомашины жолооч болон бэртсэн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг холбогдуулан шалгаж байна. 

Хэрвээ санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг” гэсэн мэдээллийг өглөө.  Мөн үүнээс гадна хүүхдээ чарган дээр суулган автомашинаар чирж яваад унагааж толгойг нь гэмтээх, автомашины угаарт хордуулсан байж болзошгүй гэх хэрэг гарсан гэх албан бус мэдээлэл гараад байгаа юм. Харин энэ талаар Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй байгаа аж. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдээ тоглуулж, салхилуулахдаа анхаарал болгоомжтой байж, учирч болох болзошгүй аюулаас сэргийлэхийг анхааруулж байна.