Ц.Отгонбаатар: Урдаас хурдтай гарч ирсэн машиныг хараад яаж ч чадалгүй мөргөлдсөн

Ц.Отгонбаатар: Урдаас хурдтай гарч ирсэн машиныг хараад яаж ч чадалгүй мөргөлдсөн

-ХУРДТАЙ ЯВАХ БОЛОН АМРАЛТГҮЙ ХОЛЫН ЗАМД ЯВАХ ХЭН НЭГНИЙГ АЛАХ ЮМ БАЙНА-

Уншигч таны харж байгаачлан дээрх зурганд байгаа харамсалтай дүр зураг бол  хариуцлагагүй жолоочийн улмаас болсон ослоос амьд гарч, амьдрахын төлөө тэмцэж буй гэр бүл. Хурдаа хэтрүүлэн, нойрмоглон явах тэр жолооч хоёр хүү, эхнэрийнхээ хамтаар аялаж байсан гэр бүлийн автомашиныг мөргөж улмаар хоёр хүүгийн ээж газар дээрээ нас баржээ.

Өдгөө зам тээврийн ослоос болж хоёр бяцхан хүү ээжээсээ үүрд хагацаж, нөхөр нь халамжит ханиа алдаж өвчиндөө шаналж, эргэж ирэхгүй эхнэрийнхээ араас гашуудан сууна.

Ослын тухай тодруулбал, 2019 оны долдугаар сарын 14-ний өдөр орой 17 цагийн орчимд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Тоёота приус маркын хоёр автомашин хоорондоо мөргөлдөж 29 настай эмэгтэй амиа алдсан зам тээврийн осол гарсан байдаг. Талийгаач тухайн үед нөхөр, хүүхэдтэйгээ амралтаараа явж байсан бөгөөд өөрөө амиа алдаж, нөхөр, хүүхдүүд нь маш хүнд бэртэл авч өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Нэг зам тээврийн ослын цаана хэдэн хүн энэ хорвоогоос үүрд буцаж түүний ард хэдэн хүн, хэдэн хүүхэд олон шөнө нулимстай суудгыг бид төдийлөн мэддэггүй. Нүд эрмэх зуурт нэг гэр бүлийн амьдрал тэр чигтээ өөрчлөгдөж, нэг хүн алтан амиа алдаж, хүүхэд нь маш хүнд өвчтэй болж, хийж бүтээх эд насан дээрээ яваа залуу хэзээ хөлд орохоо ч мэдэхгүй эмнэлгийн орон дээр уйлж байна.

-ТЭР ЖОЛООЧ ГУРАВХАН СЕКУНТ УНТАХГҮЙГЭЭР ТЭСЭЖ БОЛООГҮЙ ЮМ БАЙХДАА-

Талийгаачийн нөхөр Ц.Отгонбаатар хэлэхдээ:

-Осол болдог өдөр би жолоогоо бариад талийгаач энхэр маань бас хоёр хүү минь унтаж байсан. Өгсүүр газар руу би  60-70 км хурдтай явж байсан. Гэтэл урдаас гэнэт нэг машин яах ийхын зуургүй гараад ирсэн. Тэр машин бол их хурдтай явж байсан. Тэр машиныг гараад ирэхэд өөр тийшээ дарж үнэхээр амжаагүй. Хүн дараа нь л боддог юм байна. Ядаж зүүн тийш дарахгүй юу хийж байсан юм бол гэж харамсаж байна.

Мөргөлдсөний дараа хүн яг зүүдэлж байгаа юм шиг болдог юм билээ. Тэгээд гэнэт сэрэхэд машин маань яг дэлбэрчихсэн юм шиг болчихсон. Манай хүү хажууд дээшээ харчихсан “Ааваа” гээд уйлж байсан. Би хоёр хүүтэй. Хурдтай болоод амралтгүй замд гарахад хүнийг алах юм байна. Тэр машиныг ямар шалтгаанаар тэгэж урдаас дайрч орж ирсэнийг нь мэдээгүй. Гуравхан секунт тэсэж болоогүй юм байхдаа гэж одоо бодож байна. Би хоёр хүүгээ одоо яах билээ. Би гэр бүлээ авч явах ёстой хүн. Хэзээ ч босох юм бүү мэд. Эмч нар босно сарын дараа хөдөл гээд байгаа. Миний ташаа мэдээгүй байна. Бие засахдаа хүртэл дор хаяж 2-3 хүний туслалцаа авч байна. Ингэхээр чинь би хоёр хүүгээ яаж авч явах билээ гэв.