Л.Мөнхтүшиг: Энэ сард БНСУ-руу хоёр удаа нислэг үйлдэж 320 гаруй иргэнээ авчирна

Л.Мөнхтүшиг: Энэ сард БНСУ-руу хоёр удаа нислэг үйлдэж 320 гаруй иргэнээ авчирна

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ГХЯ-ны Консулын ерөнхий газрын дарга Л.Мөнхтүшиг гадаадад байгаа иргэдээ авчрах талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “бид өнгөрсөн хугацаанд гадаадад байгаа иргэдээ авчрах асуудлаар үргэлж санаа зовнин, анхаарсаар ирсэн. Энэ сард БНСУ-руу тусгай үүргийн хоёр нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Тодруулбал,

01.18 БНСУ-руу нислэг үйлдэж 160 иргэн

01.31 БНСУ-руу нислэг үйлдэж 160 иргэнээ тус тус авчрахаар шийдвэрлэлээ. БНСУ-д манай улсын 45 мянга гаруй иргэн оршин суудаг. Тус улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 4,868 иргэн байна. Бид нэгдүгээр сарын 27-ны өдөр хоёрдугаар сард гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авчрах нислэгийн хуваарийг албан ёсоор зарлана" гэв.

Мөн энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 22 тусгаарлан ажиглах байранд 959 иргэнийг тусгаарлан ажиглаж байгаа. Дараагийн тусгай үүргийн нислэгтэй холбоотойгоор 6 байрны бэлтгэлийг хангуулсан. Тусгаарлан ажиглах байранд мөрдөх түр журмыг мөрдөхөөс гадна тагнуулын байгууллагатай хамтран камерын хяналт тавьж байна. Камерын хяналтаар илрүүлсэн зөрчлийг тухай бүрд нь Шуурхай штабт ирүүлдэг” хэмээн мэдээллээ.