Олны үг ортой эсэхийг шалгалаа

Олны үг ортой эсэхийг шалгалаа

Өнгөрсөн долоо хоногт www.isee.mn сайт Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай багийн нутагт орших говийн үзэсгэлэнт Баянбүрд болох Алтайн нурууны төгсгөл уул, Аягачийн тойром гэх жижиг нуурын дэргэд Хятадын хөрөнгө оруулалттай “Булаг сүүж майнинг” компани нүүрсний олборлолтыг хууль бусаар явуулж буй талаарх мэдээллийг хүргэсэн.

Энэ тухай сурвалжлагыг ЭНД дарж уншина уу. “Булаг сүүж майнинг” компаниай холбоотой олон ноцтой баримтууд бий бөгөөд бид энэ талаар цувралаар хүргэх болно. Харин энэ удаа Номгон сумын удирдлагууд хятадуудтай нийлж сумаа өмхийрүүлсэн талаарх мэдээллийг хүргэж байна. Биднийг  Номгон суманд томилолтоор очиход тус сум даяараа өмхий үнэртэж байв. Амьсгалах агааргүй болтлоо өмхийрсэн учир шалтгааныг сумын иргэдээс асууж, тодруулбал яс боловсруулах үйлдвэр байгуулсантай холбоотой гэлээ.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НОМГОН СУМ ӨМХИЙРЧЭЭ

Өнөөдөр Номгон суманд Дун Юань, Булаг сүүж майнинг, Ясны үйлдвэр гэсэн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай гурван аж, ахуй нэгж байна. Үүнээс Ясны  үйлдвэр нь яг сумын төв дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани 2019 оны хавраас  үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Ингээд Улаанбаатар хотын Эмээлт захаас малын ясыг их хэмжээгээр зөөн авчирч өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн хашаанд буулгажээ. Үүнээс үүдэн өнөөдөр сумын ард иргэд өмхий үнэр, ялаа батгана, өтөн дунд олон сар амьдарч байна. Ясаар чухам ямар бүтээгдэхүүн хийж буй нь ч тодорхой бус бөгөөд тэд үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн шууд хилээр гаргадаг аж. Энэ талаараа тайлбар өгөх хүн ч байсангүй.

Сумын Засаг дарга н.Буяндэлгэрт, Сумын Иргэдийн хурлын дарга н.Буянхишиг нарыг тус компанийг дэмжиж суманд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь олгосон талаар иргэд ярьж байна.

Үүнээс үүдэн өнөөдөр Номгон сумын иргэд амьсгалах агааргүй байгаа талаараа ярьж байгаа. Сумын Засаг дарга н.Буяндэлгэрт нь энэ мэт олон зөрчил гаргасан учраас Аймгийн Засаг дарга хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн байна.

Биднийг тус суманд ажиллах үеэр таарсан иргэд “Тус үйлдвэрийг сумаас холдуулмаар байна. Бид үнэхээр хордож байна. Өмхий үнэрт тэсч амьдрахад хүнд байна” гэсэн юм.

Нэгэнт сумын Засаг дарга нь ажлаасаа чөлөөлөгдсөн учир дараагийн Засаг дарга томилогдож ирж уг асуудлыг шийдвэрлэх болов уу гэсэн хүлээлт байгаа талаар нутгийн иргэд ярьж байлаа.