ХӨШИГНИЙ АРД: Х.Баттулга нэр дэвшвэл У.Хүрэлсүхийг заавал дэвшүүлэх хувилбар яригджээ

ХӨШИГНИЙ АРД: Х.Баттулга нэр дэвшвэл У.Хүрэлсүхийг заавал дэвшүүлэх хувилбар яригджээ

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зураадугаар сард болно. МАН гуравдугаар сарын 1-нд Их хурлаа цахимаар хийж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаа албан ёсоор зарласан. Тус намаас У.Хүрэлсүх, Сү.Батболд тэргүүтэй 10 хүнийг дэвшүүлэх боломжтой гэж мэдэгдсэн.

АН-ЫНХАН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ЦЭЦ ДЭЭР УНАГАЖ ӨӨРСДӨӨ ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ХУВИЛБАРЫГ ЯРИЛЦЖЭЭ-

Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд нам дотроо өрсөлдөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Түүнээс хэзээ намын Их хурал нь болж, хэнийг сонгох нь одоогоор бүрхэг байгаа юм. Одоогоор тэд намынхаа дарга, тамгын төлөө үзэлцэж юун нэр дэвшигч манатай байгаа. Гэхдээ энэ бүхний цаана Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших нууцхан хүсэлтэй байгааг улс төрийн хүрээнийнхэн гадарлаж буй.

Гэхдээ түүнийг нэр дэвшихэд хоёр тээг байгаагийн нэг нь намыг хоёр хувааж өөрийнх нь эсрэг ажиллаж буй С.Эрдэнэ, нөгөө нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 30.2 дахь заалт. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно гэсэн заалтаар Х.Баттулгыг нэр дэвших боломжгүй гэж зарим хуульчид томоохон маргаан үүсгэсэн. Эцэстээ энэ асуудал Үндсэн хуулийн цэц дээр очиж шийдэгдэх дүр зураг байгаа юм.

Тэгвэл Х.Баттулгад тулгарсан энэ тээг дээр эрх баригч МАН-ынхан тоглохоор болсон гэх яриаг эх сурвалжууд өгч байна. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгыг дэвшүүлэхгүй байж өөрсдөө Ерөнхийлөгчид ялалт байгуулах хувилбарыг ярьж эхэлжээ.

-У.ХҮРЭЛСҮХИЙН БАГААС НЭГИЙГ НЬ ДЭВШҮҮЛЭХ ХУВИЛБАР-

Хэрвээ Х.Баттулгыг дэвшүүлэхгүй байх хувилбар амжилттай болбол заавал хүчтэй хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх албагүй, нам дотор ч элдэв сунгаа бололгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багаас нэгийг нь дэвшүүлье гэж ярилцаж байна. У.Хүрэлсүхийн хувьд хүчтэй, эрх мэдэлтэй Ерөнхий сайд учраас үргэлжлүүлэн ажиллах бодолтой байгаа бололтой. Угтаа бол МАН-аас хамгийн боломжит хувилбар, гол дүр У.Хүрэлсүх байсаар байгаа билээ. Гэхдээ тэрбээр дэвшинэ, дэвшихгүй гэдээ намынхандаа огт хэлээгүй байна. Одоогийн байдлаар тус намаас Сү.Батболд л “намынхан итгэл хүлээлгэвэл би дэвшинэ” гэж мэдэгдсэн. Харин У.Хүрэлсүхийн багаас хэнийг нэр дэвшүүлэх боломжтой вэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын нэр хүчтэй яригдаж байна. У.Хүрэлсүх Г.Занданшатарт амлалт өгсөн ч гэж МАН-ынхан ярив.

Гэхдээ эдний аль нь ч нэр дэвшсэн У.Хүрэлсүх л гэж харна. Учир нь тэд У.Хүрэлсүхийн үгнээс зөрж давхиад байх хүн биш аж.

Цаашлаад тэдний эцсийн зорилго тус сонгуульд заавал ялах. Сүүлд баталсан хуулиудаар АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгон УИХ-аар томилж, Шүүхийн эрх мэдэл Ерөнхийлөгчөөс хараат бус болж байгаа билээ. Энэ мэт хүч, эрх мэдлийг Ерөнхийлөгчөөс салгаж Ерөнхий сайд, МАН-ын даргад төвлөрүүлж буй. Тэгэхээр энэ их хүчийг өөртөө авсан У.Хүрэлсүх өөрөө Ерөнхий сайдаараа үлдэж орондоо сулхан хүнийг явуулж мэдэхээр байна.