НЭМТ-ийн дарга Л.Төмөрбаатар нарт хариуцлага тооцсон Д.Сумъяабазарын шийдвэрийг хүлээж байна

НЭМТ-ийн дарга Л.Төмөрбаатар нарт хариуцлага тооцсон Д.Сумъяабазарын шийдвэрийг хүлээж байна

Өчигдөр /2021.01.19/ Өргөө амаржих газарт төрсөн эхийг хүүхэдтэй нь хамт ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ дөрвөн есийн хүйтэнд дотуур өмд, гэрийн углааш, унтлагын хувцастай гаргаж эх, нярайг эрүүл мэндийн эрсдэлд оруулсан үйл явдал гаргасан. Энэ нь Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөд буй. 

Эмнэлгийн байгууллагын ажилчдын хүнлэг бус энэхүү үйлдэл нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулсаар байна. Бухимдсан иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаж эрх бүхий албан тушаалтнуудыг хариуцлага хүлээж огцрохыг шаардаж буй бөгөөд хүний эрхийг зөрчсөн харгис үйлдлийг дахин гаргахгүй байх талаар үгээ хэлсээр байна.  

Тэгвэл эх, хүүхдийн бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд тарж олны шүүмжлэлийг дагуулж эхэлсний дараахан буюу шөнө 00.00 цагт Эрүүл мэндийн яамны сайд Т.Мөнхсайхан шуурхай хуралдаан зарлаж хуралджээ.

Уг хуралдаан нэлээн ширүүн уур, амьсгал дунд болсон бөгөөд болсон үйл явдлыг хөөн хэлэлцэж, дүн шинжилгээ хийсний эцэст Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан нарт хариуцлага тооцуулах хүсэлтийг Улаанбаатар хотын захирагч бөгөөд Хотын дарга Д.Сумъяабазарт хүргүүлсэн юм. 

Одоогоор Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын шийдвэрийг хүлээж байгаа аж. Учир нь Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын дарга болон төрөх эмнэлгийн дарга нарыг чөлөөлж, томилох шийдвэрийг хуулиараа Эрүүл мэндийн сайд гаргах эрхгүй ажээ. Өчигдөр Өргөө амаржих газрын ажилтнууд төрөх эмнэлэгт мөрдөгддөг дүрэм, журмын дагуу ээж, хүүхдийг бэлэн байдалд шилжүүлж эмнэлгээс гаргаагүй. Улмаар халдвартай хэмээн хүнлэг бус хандсанаас гадна эмнэлгийн ажилчдын журмыг зөрчиж ээжийг бүрэн хувцаслаж гаргахад анхаарал хандуулалгүй орхисон байх магадлалтай байна. Тиймээс тус эмнэлгийн удирдлагыг болон бусад албан тушаалтанг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтийг өгч, хариуг хүлээж байгаа юм байна.