ОХУ-ын сөрөг хүчнийхэн В.Путины нууц хөрөнгөтэй холбоотой баримтат киног дэлгэв

ОХУ-ын сөрөг хүчнийхэн В.Путины нууц хөрөнгөтэй холбоотой баримтат киног дэлгэв

Өчигдөр /2021.01.20/ ОХУ-ын Сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч В.Путины Хар тэнгис дээрх "Путины ордон" гэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой болох видеог дэлгэж, энэ талаар шалгаж үзэхийг Тагнуулын газарт санал болгожээ.

А.Навальный болон түүний Авилгатай тэмцэх сан (ФБК) тус баримтат киног "өнөөг хүртэл хийсэн хамгийн том мөрдөн байцаалт" гэж нэрлэсэн байна. Энэхүү кино нь  Путины өмч болох  1,4 тэрбум орчим долларын хөрөнгийг тооцсон авилгын асар том схемийн талаарх мэдэгдлийг агуулсан гэх бөгөөд байшингийн доторх засал чимэглэл, хэдэн өрөөтэй, байшинд тавигдсан тавилгуудын үнийг хүртэл киногоор харуулжээ.

Харин Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ мэдээллийг үгүйсгэж, Ерөнхийлөгчийг уг асуудалд ямар ч холбоогүй хэмээн мэдээлжээ. Тэрээр хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Тэд/сөрөг хүчин/ хуучин түүхээ давтаж байна. Энэ бүх мэдээлэл худлаа. Ордон гэж байхгүй, Ерөнхийлөгч ямар ч ордны эзэн биш "гэв.

Путины ордон гэгдэх уг барилга нь 17691 м.кв талбайтай, 11 унтлагын өрөө, хэд хэдэн зочны өрөө, хоолны танхим, хувийн театр, мөн кино театр, Лас Вегас маягийн казино, хоёр рашаан сувилал,талх нарийн боов хийх тусгай өрөөтэй гэжээ. Тус баримтат киног “youtube” сувагт байрлуулсны дараа 37 сая удаа үзсэн бөгөөд хэд хэдэн газарт Путинг эсэргүүцсэн жагсаал болжээ. Жагсаал болсон даруйд 1000 гаруй хүнийг баривчилсан байна.

Эх сурвалж: CNN