У.Хүрэлсүх: Хүнд цагт бүх ачааг үүрсэн хоёр сайдаа явуулж байхаар танхимаараа огцорсон нь дээр

2021-01-21 12:28

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11.00 цагт хуралдаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гаргасан "Засгийн газар танхимаараа огцрох" саналыг дэмжсэн байна. Яг одоо МАН-ын бүлэг хуралдаж буй бөгөөд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг мөн хэлэлцэж байгаа ажээ. 

2021-01-21 11:45

У.Хүрэлсүх: Хүнд цагт бүх ачааг үүрсэн хоёр сайдаа явуулж байхаар танхимаараа огцорсон нь дээр

Өргөө амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасныг иргэд эсэргүүцэж өчигдөр /2021.01.20/ төв талбайд жагссан билээ. Үдээс хойш жагсагчдын тоо нэмэгдэж уур амьсгал ч ширүүссэн. Өөрөөр хэлбэл, алдаа гаргасан ажилчид, албан тушаалтнуудыг хариуцлага хүлээх хүртэл жагсагчид тарахгүй гэдгээ мэдэгдсэн юм. 

Тиймээс Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалан, ХӨСҮТ-ийн захирал Г.Нямхүү зэрэг хүмүүсийг албан тушаалаас нь огцруулах шийдэлд хүрсэн билээ. 

Харин тус ээлжит бус хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэлээдгүй бухимдаж "хариуцлага алдсан бүх хүнд хариуцлага тооцно, шат, шатандаа хариуцлагаа хүлээ" хэмээн загнасан ажээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өргөдлөө өгөхөө хамгийн эхэлж мэдэгдэхэд Я.Содбаатар ч мөн ажлаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэдэг. Харин Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарыг өмөөрсөн бол ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү албан тушаалаасаа огцрох хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн гэх мэдээлэл байгаа юм. 

Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүх хүмүүс хариуцлага хүлээ хэмээн загнаж дараа нь Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг мэдэгдэл хийлгэж асуудлыг тодорхой болгожээ.

Уг мэдэгдлийн дараа жагсагчдын уур амьсгал аажим, аажмаар суларч шөнө 23.00 цагийн үед тарсан билээ. Тэгвэл өнөө өглөөний Засгийн газрын ээлжит бус хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хүнд цагт бүх ачааг үүрсэн хоёр сайдаа явуулж байхаар танхимаараа огцорсон нь дээр. Гэхдээ намын даргын эрх мэдлийнхээ хүрээнд зарим сайд нараа үлдээхээр ажиллана" гэжээ. Харин Ерөнхий сайдын энэ саналыг зарим сайд дэмжээгүй бол олонх нь дэмжсэн гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өгч байна. Үргэлжлүүлэн МАН-ын бүлгийн 11.00 цагийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх юм. Эцсийн шийдвэр тус хуралдаанаас гаргана.