У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч Х.Баттулга үймээн, самуунд уриалан санхүүжүүлж хариуцлагагүй үйлдэл гаргалаа

2021-01-21 15:56

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч Х.Баттулга үймээн, самуунд уриалан санхүүжүүлж хариуцлагагүй үйлдэл гаргалаа

Өнөөдөр өглөө 08.00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох саналыг гаргасан. Уг саналыг МАН-ын Удирдах зөвлөл, бүлгийн хуралдаанаар дэмжсэн юм. 

Тэгвэл уг асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны мэдэгдэл хийж байна. Түүнийг мэдэгдлийг хүргэе.

-ЭМЭГТЭЙГЭЭС БОЛОН ГЭР БҮЛЭЭС НЬ УУЧЛАЛТ ХҮСЬЕ-

Манай улсын эрхэм хүндэт иргэдээ, та бүхэндээ хандан таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ хариуцлагагүй үйлдэл гаргасан. Би эцэг хүн. Гэр бүлтэй, охин үртэй хүн. Энэ явдал нь Улсын Ерөнхий сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч сэтгэл эмзэглүүлсэн явдал байлаа. Тиймээс тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хүсье. Хариуцлагагүй ажилласан нөхдийн өмнөөс хүлцэл өчье.  Ерөнхий сайдын хувьд ээ явдалд ёс зүйн хувьд хариуцлага хүлээнэ. 

Өнгөрсөн хугацаанд Монголын төрийн шударга байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, ард түмнийхээ үгийг сонсдог, үйлчилдэг байгаасаа гэж чин сэтгэлээсээ бодож эрмэлзэж, 4,5 жилийн хугацаанд ард түмнийхээ өгсөн итгэлийг эр хүнийхээ хувиар хичээл зүтгэлээр хариулъя гэж зүтгэж ирсэн. Цар тахал дэлхийн нийтийг цочроож байгаа энэ цаг үед монголчууд бид ч хүнд цаг үед ажиллаж байна. Манай улсын түүхэнд, дэлхийн түүхэнд ийм хүнд цаг үед цөөхөн тохиолдож байна. Цар тахлыг амжилттай давахын төлөө Засгийн газар, УОК бүхий л нөөц боломжоо дайчилж ажилласан. Бидэнд амжилт бүтээл, алдаа оноо ч байгаа. Бидний хийж байсан ажил хэзээ ч Монгол Улсын түүхэнд хийгдэж байгаагүй. 1.5 сая хүн амтай хотыг хатуу хорио цээрийн дэглэмд шилжүүлсэн. Энэ явцад алдаа, оноо гарсан. Хийж үзээгүй ажилд алдаа, оноо гардгыг манай ард түмэн мэднэ. Гэхдээ галын шугамад ажиллаж байгаа төрийн албан хаагчид цагдаа хүчнийхэн, эмч эмнэлгийн ажилчид ар, гэр үр хүүхдээ мартаж ажиллаж байна. Та бүхэндээ талархаж байна. Гэхдээ хариуцлага алдсан хүмүүс бий.

Энэ алдаанаас болж миний  танхимын хоёр гишүүн надад огцрох өргөдлөө өгсөн. Би цэргийн хүн, офицер хүн. Дайны талбарт нэгнээ орхиж болдоггүй журамтай. Тиймээс энэ танхимыг анх байгуулахдаа элэг бүтэн хамт цаашаа ажиллана гэж төлөвлөж байсан. Харамсалтай нь ийм зүйл болж чадсангүй. Үүнд их харамсаж байна.  Өчигдөр манай ард түмэн, залуучууд талбай дээр цуглаж төр засагтаа харамсаж байгаа, хариуцлагагүй байгааг илэрхийлж жагссан. Би үүнийг маш зүйтэй гэж үзэж байгаа. Төрийн нүд сэргэг, чих соргог байх ёстой. Энэ шаардлагыг би хүлээж авч байна. Ерөнхий сайдын хувьд би энэ хариуцлагыг хүлээж байна. Энэ бол ёс зүйн хариуцлага. 

Бид шат, шатандаа сахилга, хариуцлага, дэг журмаа дээшлүүлэх ёстой. Үүнийг би үргэлж ярьж ирсэн. Харин хариуцлагагүй нөхөд хариуцлага алдлаа. Ард түмний жагсаал цуглаан болж буй үйл явдлыг далимдуулж үймээн, самуунд өдөөн турхирсан, санхүүжүүлсэн үйл явдал гарсан. 

-МИНИЙ ИТГЭЖ, НАЙДАЖ БАЙСАН ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙГ ҮЙМЭЭН САМУУНД ТУРХИРЛАА -

Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна.

Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, Монгол Улсын Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмэн үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас үрэгдэх вий гэж үзэж байгаа юм. 

Бидэнд гашуун түүх бий. Дахиж долдугаар сарын 1-н шиг үйл явдал битгий гараасай гэж хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй зөвхөн сонгуулийн ажлынхаа бэлтгэлийг бодож, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байгааг хэвлэлийнхэн та бүгд мэднэ. 

Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье. 

Төрийн залгамж, халаа тасалдах ёсгүй. Тиймээс шинэ Засгийн газрыг бүрдүүлэх ажилд маргаашнаас яаравчлан орно. 

-БИ УЛС ТӨРӨӨС ЯВЖ БАЙГАА ЮМ БИШ. МОНГОЛ ТӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ -

Ерөнхий сайддаа итгэж, намайг дэмжиж байсан нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Миний бие улс төрөөс явж байгаа юм биш. Цаашид Монгол төрийнхөө төлөө урьдын адил зүтгэнэ. Шударга ёсны төлөө, шударга шүүхтэй байхын төлөө би зүтгэнэ. Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хүчний байгууллага нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Гэм зэмгүй хүнийг хууль шүүхээр шоронд хийдэг, гэсгээдэг, сонгуулийн өрсөлдөгчийг хууль хүчний байгууллага ашиглан улс төрийн зорилгоор намнадаг, улс төрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж таарахгүй.

Иймд ард түмэн анхааралдаа авч, хариуцлага тооцон ажиллана гэдэгт итгэлтэй байна. Би 2017 онд Ерөнхий сайдаар томилогдсон. Таван жил энэ эрхэм хүндтэй албыг хашлаа. Өөрөөс шалтгаалах бүх боломжит зүйлүүдийг хийж ажилласан гэж бодож байна.  

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: 

2021-01-21 11:45

У.Хүрэлсүх: Хүнд цагт бүх ачааг үүрсэн хоёр сайдаа явуулж байхаар танхимаараа огцорсон нь дээр

Өргөө амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасныг иргэд эсэргүүцэж өчигдөр /2021.01.20/ төв талбайд жагссан билээ. Үдээс хойш жагсагчдын тоо нэмэгдэж уур амьсгал ч ширүүссэн. Өөрөөр хэлбэл, алдаа гаргасан ажилчид, албан тушаалтнуудыг хариуцлага хүлээх хүртэл жагсагчид тарахгүй гэдгээ мэдэгдсэн юм. 

Тиймээс Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалан, ХӨСҮТ-ийн захирал Г.Нямхүү зэрэг хүмүүсийг албан тушаалаас нь огцруулах шийдэлд хүрсэн билээ. 

Харин тус ээлжит бус хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэлээдгүй бухимдаж "хариуцлага алдсан бүх хүнд хариуцлага тооцно, шат, шатандаа хариуцлагаа хүлээ" хэмээн загнасан ажээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өргөдлөө өгөхөө хамгийн эхэлж мэдэгдэхэд Я.Содбаатар ч мөн ажлаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэдэг. Харин Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарыг өмөөрсөн бол ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү албан тушаалаасаа огцрох хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн гэх мэдээлэл байгаа юм. 

Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүх хүмүүс хариуцлага хүлээ хэмээн загнаж дараа нь Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг мэдэгдэл хийлгэж асуудлыг тодорхой болгожээ.

Уг мэдэгдлийн дараа жагсагчдын уур амьсгал аажим, аажмаар суларч шөнө 23.00 цагийн үед тарсан билээ. Тэгвэл өнөө өглөөний Засгийн газрын ээлжит бус хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хүнд цагт бүх ачааг үүрсэн хоёр сайдаа явуулж байхаар танхимаараа огцорсон нь дээр. Гэхдээ намын даргын эрх мэдлийнхээ хүрээнд зарим сайд нараа үлдээхээр ажиллана" гэжээ. Харин Ерөнхий сайдын энэ саналыг зарим сайд дэмжээгүй бол олонх нь дэмжсэн гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өгч байна. Үргэлжлүүлэн МАН-ын бүлгийн 11.00 цагийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх юм. Эцсийн шийдвэр тус хуралдаанаас гаргана. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө