С.Хулан: Жирэмсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл болж тэмцэж, үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн

С.Хулан: Жирэмсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл болж тэмцэж, үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн

2021 оны 01 дүгээр сарын 20. Монгол Улсын түүхэнд тодоор бичигдсэн өдөр болж өнгөрөв. Хүний эрх, шударга ёсыг эрх баригчдаас нэхсэн иргэдэд идэр есийн хүйтэн, дэлхий нийтийг айлгаж буй цар тахал ч нөлөөлсөнгүй “Хүн бай”, “Хариуцлагаа хүлээ”, “Хүн бүхэн тэгш эрхтэй” гэж бичсэн лоозон барьж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байв. Тэдний нэг бол С.Хулан. 

С.Хулан жагсаалын үеэр “Би жирэмсэн. Аав нь Хүрэлсүх. Би хүүхэдтэйгээ өлсөж байна. У.Хүрэлсүх хариуцлагаа хүлээ” гэж томоор бичсэн лоозон барьсан нь олон хүний анхаарлыг татсан юм.

Түүний хэлэх гэсэн санааг ойлгосон нэг нь урамшуулж, дэмжиж байсан бол “ухаж” чадаагүй зарим нь цахим сүлжээнд хошигнол хийснийг та магадгүй харсан байх. Тэгвэл бид С.Хулантай энэхүү лоозонгоороо ямар утга санаа илэрхийлэхийг зорьсон талаар ярилцлаа. 

-ЧИ “У.ХҮРЭЛСҮХ САЙДЫН ХҮҮХДИЙГ ТЭЭЖ БАЙГАА ЮМУУ”
ГЭХ ХҮМҮҮС Ч ЦӨӨНГҮЙ БАЙСАН-

-Сайн байна уу. Хоёр хоногийн өмнө болсон тайван жагсаалын үеэр таны барьсан лоозон хүмүүсийн анхаарлыг багагүй татаж, цахим сүлжээний гол сэдвийн нэг болж байлаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. 

-Сайн. Сайн байна уу. Намайг Хулан гэдэг. 25 настай. Эмзүйч мэргэжилтэй. Унаган Улаанбаатар хотын иргэн. 

-Жагсаалын үеэр барьсан лоозонгоороо яг ямар утга санаа илэрхийлэхийг зорьсон юм бэ? 

-Хүмүүс ер нь сонин, содон анхаарал татсан зүйлсэд их дуртай байдаг шүү дээ. Тиймээс өөрийн хэлэхийг хүссэн санаагаа хүмүүст хэрхэн хүргэх, яаж зөв мессеж, зөв уриалгыг олон хүнд түгээх вэ гэж их бодсоны эцэст тийм санаа төрсөн. Би өмнө нь “Монос”, “Ази Фарм” гэх мэт эмийн зах зээлд менежерээр ажилладаг байсан. Дараа нь ажлаасаа гарч өөрийн “старт апп”/гарааны бизнес/бизнесээ эхлүүлсэн ч цар тахлын улмаас үргэлжлүүлэх боломжгүй болсон. Яг тэр үед би хөл хүнд болсноо мэдсэн юм. Энэ үеэс л жирэмсэн болон гэртээ сууж хүүхдээ хардаг хүмүүсийн зовлонг маш сайн ойлгож эхэлсэн. Жирэмсэн эхчүүдэд тулгардаг нийгмийн асуудлуудтай өөрөө нүүр тулж, өөрийн биеэр мэдэрсэн гэж хэлж болно.

Тухайлбал, жирэмсэн хүнийг хэзээ ч ажилд авдаггүй, мөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд гэртээ суух ёстой гэсэн хэвшмэл ойлголт, хүүхдээ төрүүлсний дараа асрагч авъя гэсэн ч хэтэрхий өндөр үнэтэй байдаг, жирэмсэн эмэгтэйчүүдэд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ хомс, жендерийн ялгаварлал гэх мэт асуудлуудыг олж харсан.

Монголын нийгэм өөрөө жирэмсэн болон хүүхдээ гэртээ харж буй ээжүүдэд ээлгүй, “жирэмсэн байгаа нь чиний алдаа” гэсэн шиг тогтолцоотой болчихсон нь Өргөө амаржих газарт болсон явдлаас харагдлаа шүү дээ. Тиймээс л жирэмсэн эхчүүдийн төлөөлөл болж тэмцэж, үзэл бодлоо илэрхийлэхээр талбай дээр очсон. 

-“Би жирэмсэн. Аав нь Хүрэлсүх...” гэсэн бичгийг зарим хүн ойлгохгүй их гайхаж хүлээж авсан. Энэ өгүүлбэрээр яг ямар утга санаа агуулахыг зорьсон юм бэ?

-Цахим сүлжээнд энэ талаар олон хүн ярьсныг хараад хүмүүст сайн хүрсэн юм болов уу гэж бодсон. Хэлэх гэсэн санааг маань зөвөөр ойлгосон хүмүүс их байсан. Эсрэгээрээ шууд утгаар нь ойлгож “Чи У.Хүрэлсүх сайдын бутач хүүхдийг тээж байгаа юм уу” гэх хүмүүс хүртэл цөөнгүй байсан. Яагаад У.Хүрэлсүх сайдын нэрийг бичсэн гэвэл, сая хэлсэнчлэн нийгэм маань өөрөө жирэмсэн эхчүүдэд халтай, ээлгүй болчихсон байна. Хүнд хэцүү энэ цаг үед мянга мянган ээж, хүүхэдтэйгээ өлсөж байна. У.Хүрэлсүх сайд болон болон түүний удирдсан Засгийн газар ард иргэдийнхээ төлөө ажиллана гэж амласан. Гэсэн ч энэ амлалтаа биелүүлээгүй. Тиймээс “амлалтдаа хүрч, хүнээ бодсон шийдвэр гаргаасай, ард иргэдээ бодоосой” гэсэн мессежийг хүргэхийг хүссэн. 

-Та сая лоозонг маань шууд утгаар нь ойлгосон хүмүүс байсан гэж хэллээ. Тухайн үед хажуугаар тань өнгөрсөн хүмүүс таныг хараад ямар хариу үйлдэл үзүүлж байв.

-Хүмүүсийн анхаарлыг их л татсан юм шиг байна лээ. Бүгд утсаараа зураг дараад л байсан. Зарим хүн хажуугаар зөрөхдөө “Гоё лоозон болжээ. Хүчтэй байгаарай” гэж байсан. 

-Бас зарим хүн шууд утгаар нь хүлээн авч цахим сүлжээгээр хошигносон байсан?

-Тийм ээ. Их инээдтэй, хөгжилтэй санагдсан. Лоозонгоо бичиж байхдаа иймэрхүү зүйл болж магадгүй гэж таамаглаж байсан. 

-ЖИРЭМСЭН ГЭЭД ГЭРТЭЭ ЗҮГЭЭР СУУГААД ХҮЛЭЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ-

-Талбай дээр хэр удаан эсэргүүцлээ илэрхийлж зогсов?

-Талбай руу өдрийн 16.00 цагт очиж, 18.30 хүртэл зогссон. 

-Та одоо хэдэн сартай вэ. “Жирэмсэн байж хүйтэн газар удаа зогслоо” гээд гэрийнхэн тань “зэмлэсэн” үү? 

-Одоо зургаан сар хүрэх гэж байгаа. Гэрийнхэндээ жагсаалд оролцохоор явж байгаагаа хэлээгүй. Ээж маань маш шулуун, шударга хүн байдаг. Өргөө амаржих газар төрсөн эхэд тохиолдсон явдлыг сонсоод их эмзэглэсэн. Орой нь жагсаалд оролцсоныг маань мэдээд харин ч маш их дэмжсэн. Гэрийнхэн маань ч бас дэмжсэн. Би зүгээр л жирэмсэн гээд гэртээ суухыг хүсээгүй. Тийм нөхцөл байдал үүсчхээд байхад өөрийн дуу хоолойгоор бага ч гэсэн нэмэр болъё гэж бодоод л гэрийнхэндээ хэлэлгүй талбай руу явчихсан. 

-Өргөө амаржих газарт төрсөн эхэд болон нярайд хүнлэг бус хандсан үйлдэл олон хүний уур бухимдлыг хүргэж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн. Таны хувьд үүн дээр ямар байр суурь, үзэл бодлыг илэрхийлмээр байна?

-Нэгдүгээрт, тухайн эмнэлгийн ажилтнуудад их сэтгэлт дутсан гэж бодож байна. Эмч нар хүний эрүүл мэндийг юу юунаас илүүд үзэх ёстой. Ковид ч гэсэн өвчний нэг төрөл шүү дээ. Хоёрдугаарт, УОК менежментийн түвшинд маш хариуцлагагүй ажилласан гэж харж байна. Гаднын улсад ургаа модыг ч шилжүүлж, тээвэрлэхдээ маш нарийн төлөвлөгөө боловсруулсан баг ажиллаж байдаг. Гэтэл дөнгөж төрсөн эхэд тийм байдлаар харгис хандсан нь дэндүү хүнлэг бус үйлдэл.  Энэ үйл явдлыг хүний эрүүл, аюулгүй амьдрах, амьд явах эрхэнд ноцтой халдсан гэж дүгнэж, эсэргүүцсэн олон залуу үеийнхэн байсанд үнэхээр их баярлаж байгаа. 

-Та ярилцлагын эхэнд “старт-апп” бизнесээ эхлүүлсэн гэсэн. Нууц биш бол ямар бизнес эхлүүлсэн талаараа ярьж болох уу

-Би 2018 онд Анагаахын Ухааны Үндэсний их сургуульд таван жил эмзүйч мэргэжлээр сурч, төгссөн. Хамгийн анхны ажлын гараагаа “Монос”-оос эхэлж дараа нь “Ази Фарм”-д Сүлжээ эмийн сан хариуцсан маркетингаар ажиллаж байгаад есдүгээр сард “старт апп” бизнесээ эхлүүлэхээр ажлаасаа гарсан юм. “SteFord Coaching studio”-ийн дэргэдэх “Gentleman Creative” агентлагт эрчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн бүтээх ажлаар гарааны бизнесээ эхлүүлсэн.

-Тэгэхээр эрэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрөө хийсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Бүх бүтээгдэхүүнийг өөрийн гараар хийдэг. Мөн “Creative gentle man agency”-ийн гурваас дөрвөн залуустай баг болж ажилладаг. Миний хувьд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, судалгаа тал дээр илүү төвлөрч, хөгжүүлэлт хийж байгаа. Одоогоор старт апп-ийн бүтээгдэхүүнүүд маань бүрэн хэрэглэгчийн гарт хүрээгүй, судалгааны шатандаа явж байна. Бүтээгдэхүүнийхээ судалгааны дээжийг лабороторид хийлгэх гэсэн боловч цар тахлын улмаас хойшилсон. Гэхдээ ванны бөмбөлгөө хийж, хэрэглэгчдэд хүргэж байгаа. Удахгүй бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчийн гарт хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 

-Баярлалаа. 

С.Хулангийн гарааны бизнесийн бүтээгдэхүүнүүд