Н.Лхагвасүрэн: 4000 оюутныг 21 хоногт англи хэлтэй болгоно

Н.Лхагвасүрэн: 4000 оюутныг 21 хоногт англи хэлтэй болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй 4500 оюутан, залуучуудад үнэ төлбөргүй хичээллэх "Англи хэлтэй залуус" хөтөлбөрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн 10-12 дугаар ангийн 16000 гаруй сурагч, их дээд сургуулийн 20 мянган оюутантай уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр англи хэл үнэгүй сурах хүсэлт олноор тавьж байсан учир тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, хэлэхдээ, “Уулзалтын үеэр “Англи хэлтэй залуус”, “Ажилтай оюутан хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. Англи хэлний сургалтад 16-30 насны залуучууд хамрагдах боломжтой. Сургалтад бүртгүүлсэн оюутан залуусаас өчигдөр түвшин тогтоох шалгалт авсан. Өнөөдөр шалгалт өгсөн оюутнууд аль түвшний ангид хуваарилагдсанаа мэдэх боломж бүрдэнэ. Сургалт маань анхан, дунд, ахисан түвшинд үргэлжилж сертификат олгоно. Энэ сургалтыг зааж байгаа монгол багшид 700 мянган төгрөг, гадаад багшид хоёр сая төгрөгийн цалин олгоно. Нэг оюутанд зориулагдах урсгал зардал нь 20 мянга орчим байх тооцоо гарсан” хэмээн ярилаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Н.Лхагвасүрэн хэлэхдээ, “Нэг оюутан 63 цагийн сургалтад хамрагдана. Өдөрт зургаан цагийн хичээлийг явуулна. Энэ сургалтад суралцахаар бүртгүүлсэн оюутан залуучууд бүр Говь-Алтай, Баянхонгор аймгаас зорьж ирж байгаа. Сургалт маань наймдугаар сарын 01-ээс эхлэн үндсэн дөрвөн сургууль дээр зэрэг эхэлнэ. Сургалт бүрийн эхний 10 минутад түвшин тогтоох шалгалт авч Австрали хөтөлбөрөөр явагдана. Хөтөлбрийн хүрээнд 4000 гаруй залуусыг англи хэлтэй болгоно” гэлээ.