ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголчууд хүүхэд төрүүлснээс хойш маш сайн гам барих ёстой гэж үздэг

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголчууд хүүхэд төрүүлснээс хойш маш сайн гам барих ёстой гэж үздэг

2021 оны 01 дүгээр сарын 20. Дөнгөж төрсөн эх болон нярайд хүнлэг бус хандсанд уурлаж, бухимдсан иргэд Сүхбаатарын талбайд цугларч эсэргүүцлээ илэрхийлэв. 2021.01.21. Тус үйл явдалд хариуцлага хүлээж Монгол Улсын Засгийн газар огцорч буйгаа мэдэгдэв. Манай улсын түүхэнд тэмдэглэгдэх энэ үйл явдлын талаар гадаадын томоохон хэвлэлүүд юу өгүүлснийг та бүхэнд хүргэж байна.

-BLOOMBERG: ЕРӨНХИЙ САЙД НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ЭСЭРГҮҮЦЭЛ ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭЖ БУРУУТГАВ-

Bloomberg.com

Монгол Улсын Ерөнхий сайд коронавирусийн цар тахлын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалын улмаас огцорлоо. Бодлогын шинэчлэл хийхээр парламентын ордны гадаа олон зуун хүн цугларсан бөгөөд үүнээс нэг өдрийн дараа тус улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулах саналыг өргөн барьсан юм. Тэрээр пүрэв гарагт /2021.01.21/хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан гэж буруутгасан.

Энэ онд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Ерөнхийлөгч Х.Баттулга түүний хэлсэн үгэнд цочирдож буйгаа илэрхийлж “Монгол Улсын Ерөнхий сайд яагаад Монголын ард түмний итгэлийг бууруулж, үндэсний эв нэгдлийг алдагдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илт гүтгэн доромжилсон ийм үйлдэл хийв гэж би гайхаж их байна" гэжээ.

Эсэргүүцлийн жагсаал ер бусын өргөн цар хүрээтэй байгаагүй ч -40 хэм хүрч хүйтэрдэг Монголын хатуу хахир өвлийн шөнө хүртэл үргэлжилсэн. Иргэд коронавирусийн халдварын улмаас тогтоосон хөл хорио, хил хаасан, гадаадын орнуудад аялахыг хориглосон зэрэгт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв.

Орос, Хятад улсын дунд далайд гарцгүй өргөн уудам нутаг дэвсгэртэй тус улс 3,3 сая хүн амтай бөгөөд коронавирусийн халдварын огцом дэгдэлтээс сэргийлж,  иргэд санаа зовниж буйгаа илэрхийлж байна. Монгол Улсын өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш коронавирусийн 1600 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс одоогоор 526 идэвхтэй тохиолдол байна.

-CNA: МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР УУЧЛАЛ ГУЙЖ БУЙ АНХНЫ ТОХИОЛДОЛ БИШ-

"Монгол Улсын Ерөнхий сайд олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаалын дараа огцорлоо. Иргэд коронавирусийн халдвар авсан эх болон нярайд хүнлэг бус хандсан гэсэн шалтгаанаар Монголын нийслэл Улаанбаатарын төв талбайд энэ лхагва гарагт жагссан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрохдоо “Харамсалтай нь бид тэрхүү эхийг шилжүүлэх явцдаа алдаа гаргасан. Тиймээс Ерөнхий сайдын хувьд би хариуцлагыг үүрэх ёстой" гэжээ.

CNA.com

Телевизийн бичлэгээс харахад хасах 25 хэмийн хүйтэнд саяхан хүүхэд төрүүлсэн бололтой эмэгтэйг зөвхөн эмнэлгийн унтлагын хувцас, хуванцар шаахай өмсгөж халдварт өвчний төв рүү шилжүүлсэн нь иргэдийн уур бухимдлыг төрүүлжээ. Учир нь Монголчууд хүүхэд төрүүлснээс хойш эхний сард маш сайн гам барих ёстой гэж үздэг. Жагсаалд оролцогчид ганц үүнээс болж бухимдсангүй.

Тус улсад дотоодод коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор орон нутаг руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож 80 мянга гаруй хүн нийслэлд гацсан. Зочид буудлууд нь хаагдсан учир нь олон иргэн машиндаа хонож байгаадаа ч мөн эсэргүүцэл илэрхийлсэн аж.  Мөн Засгийн газар нь уучлалт гуйж буй анхны тохиолдол биш. Өнгөрсөн 12 дугаар сард тус улсад  тогтоосон хөл хорионы улмаас 58 настай эмэгтэй эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсанд эрх баригчид мөн уучлалт гуйсан юм.

-REUTERS: ИРГЭДИЙН ЖАГСААЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫГ ОГЦРУУЛАХ ГОЛ ХҮЧ БОЛОВ-

Reuters.com

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын COVID-19 цар тахлын эсрэг авч буй зохицуулалтыг эсэргүүцсэн жагсаалын дараа огцрох өргөдлөө УИХ-д өргөн барьжээ. Тус улсын төрийн хэвлэл “Монцамэ”-ийн мэдээлж буйгаар коронавирусийн халдвар авсан эх болон нярайг Монголын Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлэхдээ ёс зүйгүй харьцсан гэж үзсэний улмаас иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.

Энэхүү эсэргүүцлийн жагсаал нь эрүүл мэндийн салбарын өндөр албан тушаалтнуудыг огцруулах гол хүч болж Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар мөн огцрох өргөдлөө тус өдөр өгчээ. Цар тахлын эхний үе шатанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас магтаал хүртэж байсан Монгол улсын иргэд сүүлийн үед халдварын улмаас тогтоосон хөл хориотой тэмцэж байна. Дотоодод тархсан халдвар нь ОХУ-аас ирсэн жолоочоос анх илэрсэн байдаг.

Эх сурвалж: Bloomberg, CNA, Reuters