Х.Тэмүүжин: АН-ыг сүнсээ олоход нь туслаарай, дэмжээрэй

Х.Тэмүүжин: АН-ыг сүнсээ олоход нь туслаарай, дэмжээрэй

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны ээлжит бус хурлыг нэн яаралтай хуралдуулах шаардлагыг тус хорооны гишүүдийн төлөөллөөс намын Улс төрийн зөвлөлдөө хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Уг шаардлагад ҮБХ-ны нийт гишүүдийн талаас дээш хувь нь гарын үсгээ зуржээ. АН-ын дүрэмд ҮБХ-ны нийт гишүүдийн 1/3-ийн шаардлагаар ҮБХ-ны хурлыг зарлан хуралдуулах эрхтэй гэж бичсэн байдаг байна.  

Энэ талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, Х.Тэмүүжин, Д.Батцогт болон АН-ын бусад гишүүд доорх мэдээллийг өгсөн юм. 

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү "АН-ын Үндэсний бодлогын хороо бол АН-ын төлөөллийн төв байгууллага. ҮБХ 390 гишүүнтэй. Гишүүдийн олонхи нь ҮБХ-ны ээлжит бус хурлаа яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа юм. Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Дөрвөн улирал дараалан эдийн засаг агшлаа. Засгийн газарт КОВИД-19-ийн нөхцөл байдлаас үүдсэн хүндрэлээс ард иргэдээ гаргах бодлого байгаагүй нь батлагдаж байна. Тиймээс АН-ын ҮБХ Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн асуудалд яаралтай дүгнэлт гаргаж, Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдалд дүрмийн хүрээнд бодлогын хэлэлцүүлэг явуулж, дотоод асуудлаа яаралтай шийдэхийг ҮБХ-ын гишүүдийн олонх дэмжсэн.  Эдийн засгийн хүнд цаг үед АН-ын манлайлал, дуу хоолой чухал. Иймд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавихыг АН-ын гишүүд хүсэлт шаардлага удаа дараа тавьж байгаа. Бид сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг идэвжхүүлэх цаг үе нь ирээд байна" гэсэн юм.

АН-ын гишүүн Х.Тэмүүжин "Бид тогоон дотроо хэрэлдэх бус саруул хяналт тавихын тулд Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах шаардлагатай. Бид сөрөг хүчнийхээ орон зайг эзэлье гэж үзээд энэхүү хуралдаанаа зарлаж байна.  Харалган төр засгийн эсрэг хүчтэй дуу хоолой гаргахын тулд АН эхлээд өөрсдийн толгой дээрх бухлаа харах ёстой. Сөрөг хүчнийхээ орон зайг эзэлье. Та бүхэн АН-ыг дахин сүнсээ олоход туслаарай дэмжээрэй" гэж хүсье.