ВИДЕО: АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр,  МХЕГ байцаагч Н.Баярсайхан нарын авлигын ноцтой бичлэгийг дэлгэлээ

ВИДЕО: АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр, МХЕГ байцаагч Н.Баярсайхан нарын авлигын ноцтой бичлэгийг дэлгэлээ

Өнөөдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн мэдээллийн хүрээнд төрийн алба хаагчид их хэмжээний бэлэн мөнгийг авлигад авсныг нотлох хоёр бичлэгийг ил болгов.  

Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаяр,  МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга А.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд хийж буй бичлэгийг харуулжээ.

  • Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тухай тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны наймдугаар сард тус компаниас нийт 57,5 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон байна. Түүний албан өрөөг нэгжихэд дугтуйнд их хэмжээний бэлэн мөнгө хадгалж байсан аж. Түүнийг шүүх хурал 2018 оны зургадугаар сард болж, нийтийн албанд томилох эрхийг 3 жилээр хасжээ. Мөн 6500 нэгж буюу 6.5 сая төгрөгийн торгох ялаар шийтгэн, хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгожээ.
  • МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга асан А.Аззаяа, Н.Баярсайхан нартай холбоотой эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад гэрээс болон албан өрөө, биеэс нь нийт ТЭРБУМ орчим төгрөгийг бэлнээр хураан авсан байна. Үүнд, Н.Баярсайханы гэрээс 230,8 сая төгрөг, 152,1 ам.доллар, 70 мянган юаныг хураан авчээ. Тодруулбал, зочны өрөөнөөс 16,460 ам.доллар, унтлагын өрөөнөөс нь 17,5 сая төгрөг, гэрт нь байрдах сейфнээс 127,117 ам доллар, албаны өрөөнөөс 8.600 ам доллар, 10.8 сая төгрөг гарсан байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид хотхоны … тоот орон сууцанд нэгжлэг хийх явцад 57.4 сая төгрөг 20 мянган юань хураан авсан аж. 

Түүнчлэн:

-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг мөрдөн шалгах явцад илэрсэн зарим баримтыг ҮАБЗ-д танилцуулсан. Үүний дараа нэр бүхий 17 шүүгчийг түдгэлзүүлсэн.

-ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон улсын 644 сая төгрөгөөр орон сууц худалдан авсныг АТГ шалгаж, улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэлээ.

-Сайд асан М.Сономпилийг Хөгжлийн банкнаас авсан зээлтэй нь холбогдуулан 5 жилийн хорих ялаар шийтгэжээ.

-Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний сайд асан С-ийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр уг хэргийг хянан хэлэлцээд С-ыг авлигын гэмт хэрэгт гэм буруутайд тооцон 4 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.