Үзэл бодлоо илэрхийлсэн Э.Одбаярыг шалгуулахаар У.Хүрэлсүх “ЭЦГ”-т хандсан уу

Үзэл бодлоо илэрхийлсэн Э.Одбаярыг шалгуулахаар У.Хүрэлсүх “ЭЦГ”-т хандсан уу

Манай улс цар тахлын улмаас хөл хорио тогтоож, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг зөвхөн МИАТ компани тусгай үүргийн нислэг үйлдэж авч ирж буй. Иймд гадаадад гацсан иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирч байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тогтмол мэдээлж буй.

Энэ тохиолдол 2020 оны арван нэгдүгээр сард бүх нийтийн хөл хорио тогтоож, тусгай үүргийн бүх нислэгүүд тодорхойгүй хугацаанд цуцлахад бүр ч нэмэгдсэн байх талтай юм. Харин “Гадаадад гацсан монголчууд” хөдөлгөөн дээрх эрх нь зөрчигдөж буй, эх орондоо ирж чадахгүй байгаа иргэдийн дуу хоолойг төр засагт хүргэх, эрх ашгийг хамгаалах чиглэлд тууштай ажилладаг гэж болно. Мөн тус хөдөлгөөний шаардлага, баримтад мэдээлэл үндэслэн сүүлийн хоёр саруудад Франкфурт болон БНСУ руу нислэг үйлдэх шийдвэрийг УОК-оос гаргасан гэж болно. Учир нь тус хөдөлгөөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд МИАТ-ын онгоцонд багтаж Монголд ирсэн гэх мэдээллийг саяхан олон нийтэд ил болгосон юм. 

Тэгвэл “Гадаадад гацсан монголчууд” хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярыг “эх орондоо ирэх боломжгүй болсон иргэдийн эрх ашгийг хамгаалж, үзэл бодлоо илэрхийлснийнх нь төлөө” хууль хүчний байгууллагаар шалгуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүгийн цагдаагийн газар /ЭЦГ/-т хандсан байж болзошгүй байна. 

Учир нь бид энэ талаар түүний ойрын эх сурвалжаас тодруулахад “Гадаадад гацсан монголчуудын талаар өөрийн facebook хуудастаа үзэл бодлоо илэрхийлсэн гэж Цагдаагийн байгууллагаас өнөөдөр дуудсан” гэсэн юм. Тодруулбал, энэ сарын 15-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирэх гэж байсан 30 гаруй насны иргэн нас барсан гэх мэдээлэл гарсан. Иймд гадаадад гацсан монголчууд хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр энэхүү үйлд явдалтай холбогдуулж, “БНСУ-д онгоц хүлээсээр Монгол иргэн нас барлаа. Монгол иргэдийн эрүүл, аюулгүй, амьд явах эрхэнд халдахаа зогсоо Хүрэлсүх л**** минь. Төрийн ордонд жиндэж Төсвийн мөнгөнд хөлбөрч цагаан мах нь эргэдэг Хүрэлсүхийн ЗГ, УОК огцор. Гадаадад Монголчуудыг гацаасан алуурчид!” зэргээр байр сууриа илэрхийлжээ.

Улмаар түүний энэхүү байр сууринд дургүйцсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг шалгуулахаар ЭЦГ-т хандсан байж болзошгүй байна. 

Сонирхуулахад, Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16 -д "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно" гэж заасан байдаг билээ.