Д.Буянтогтох: Эхдээ хаягдаж осгох гэж байсан нялх янзага одоо дөрөв дэх “хүү” маань болсон

Д.Буянтогтох: Эхдээ хаягдаж осгох гэж байсан нялх янзага одоо дөрөв дэх “хүү” маань болсон

Хүн байгалийн хүйн холбоог харуулсан хэд хэдэн нийтлэлийг уншигч танд манай сайт өмнө нь толилуулж байсан билээ. Тэгвэл бид энэ удаад Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан суманд дөнгөж төрсөн янзагыг эхдээ хаягдаж ойд хэвтэж байхад нь осгож үхэх аюулаас аварч, хамгаалан өдийг хүртэл тэжээж буй нэгэн гэр бүүлийн түүхийг хүргэж байна. 

СОНСОХ: 

.ДОРЖХОРЛОО ГУАЙН ДӨРӨВ ДЭХ “ХҮҮ” БОЛСОН ЭРХ ЯНЗАГА БОРХҮҮ-

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум. Эгэл малчин айлын хотонд гөрөөсний янзага ижил сүрэгтэйгээ байгаа мэт идээшлэн хэвтэх аж. Энэ янзагыг Борхүү гэдэг. Борхүүг энэ айлын дөрөвдэх хүү гэдэг. Учир нь хүүхдээс дутахааргүй эрх бөгөөд эзэндээ ижилдэн дассан тул өхөөрдөж ийн нэрлэсэн аж. Хаврын нэгэн хүйтэн өдөр н.Доржхорлоо гуай хониндоо явж байхдаа модон дундаас дөнгөж төрсөн нялх янзага олжээ. Харваас эхдээ орхигдсон бололтой, осгосон байсан тул “амьтны үрийг үхүүлэлтэй биш” гээд өвөртөө хийн гэртээ авч ирсэн байна. Ингэж л эрх Борхүү энэ айлын дөрөв дэх хүү нь болсон юм. Анх олоход нь амь орох нь уу гэмээр туранхай амьтан байсан ч Доржхорлоо гуайн гэргий Д.Буянтогтох ямааны сүүгээр угжсаар тэнхрүүлжээ.

Борхүү янзага яг л хүүхэд шиг гэнэ. Өдөр тутамдаа хивэг, өвсөөр хооллодог ч бурамтай чихэрт бол “нугасгүй”. Амттай, шимтэй зүйлсэд дуртай учраас хавийн хүүхдүүд өхөөрдөж, Борхүүд өгөхөөр чихэр, боов, ёотон гэрээсээ “зөөнө”. Анх ямааны сүүгээр угжиж эхлэхэд төдийлөн дасахгүй 500 гр-ын саваар угжуулдаг байсан бол хоёр сарын дараа тэнхэрч, 2 литрийн саваар угжуулдаг болжээ. Одоо бол эзнийхээ чанасан сүүтэй цайнаас уудаг болсон гэнэ. Борхүү янзага ус уудаггүй. Хүйтэн зүйлд хошуу ч дүрдэггүй. Харин жүүс, ундаанд жигтэйхэн дуртай. Хөдөө нутгаас тэр болгон жүүс, ундаа авах боломжгүй учраас Д.Буянтогтох гуай аймгийн төв орохдоо Борхүүдээ зориулж жүүс, ундаа худалдан авч устай хольж өгдөг байна. 

Мал төллөх үеэр олдсон тул н.Доржхорлоо гуай янзагаа дөнгөж төрсөн хурга, ишигтэй хамт нэг хашаанд оруулжээ. Тиймээс Борхүү янзага хонь, ямаанд ихэд дасамтгай. Харин морь, тэмээ, үхэр хажууд нь очиход л айж, цочин зулж оддог гэнэ. Зун хонь, ямаатай хамт бэлчээрт гардаг эрх янзага өвөл гэрээс холддоггүй нарлаж хэвтсээр есөн сарыг өнгөрүүлжээ. 

-Д.БУЯНТОГТОХ ГУАЙГ ХОЛ ЯВАХАД НЬ ХОШУУГАА УНЖУУЛЖ, СҮҮГЭЭ УУХГҮЙ ХҮЛЭЭН ХЭВТДЭГ АЖ- 

Борхүүг анх осгож үхэх аюулаас аварсан хүн бол н.Доржхорлоо гуай. Харин өдий зэрэгтэй өсгөсөн гавьяатан бол түүний гэргий Д.Буянтогтох гуай юм. Тэрээр нөхрийнхөө авч ирсэн нялх янзагыг өөрийн хүү мэт санаж өглөөнөөс эхлээд орой болтол хоёр цагийн зайтай угжиж, ундаалж иржээ. Тийм л учраас Борхүү Д.Буянтогтох гуайд хамгийн их дассан гэнэ. Өглөө босоход нь л гэрийн гадаа хүлээж зогсдог бөгөөд хаана ч явсан дагаж явдаг болжээ. Д.Буянтогтох гуайг аймгийн төв рүү явахад нь хүртэл дагадаг учраас заримдаа авч явах зүйлсээ Борхүүгээс нууцаар гаргаж, сүүгээр хуурч байгаад явдаг аж. 

Д.Буянтогтох гуай “Анх ямар нэр өгөх вэ гэж бодож байгаад эр янзага болохоор нь Борхүү гэдэг нэр өгсөн. Манай хүн ч өхөөрдөж дөрөв дэх хүүгээ гэдэг юм. Нэрээ андахгүй, хаанаас ч дуудсан гүйгээд л ирдэг. Анх жижигхээн амьтан ирсэн бол одоо янзын том болсон. Манай хүүхэд малд явж байхдаа зэрлэг бугын тугалуудыг харсан байна лээ. Гэтэл Борхүүгээс нэлээн жижиг, туранхай байсан гэсэн. Борхүүгийн маань хоол, хүнс нь жигтэйхэн таарсан бололтой. Намайг гэртээ байх хооронд ер салдаггүй. Аргал түлшинд хүртэл дагаад л гүйчихнэ. Хөрш айл руу явахад хүртэл мотоциклын араас дагаад давчихна. Айлуудын нохой Борхүүрүү маань дайрахад замдаа хэд хэдэн удаа бууж таарна шүү дээ/инээв/. Өнгөрсөн намар намайг хотруу яваад ирэхэд маш их саначихсан байсан. Намайг хараад л гэр тойрч үсэрч гүйгээд жигтэйхэн баярласан. Хот руу явахдаа нөхөр, дүүгийнхээ хүүхдэд яг л хүүхдээ захиж байгаа юм шиг л “сүүг нь ингэж уулгаарай, тэдэн цагт өгөөрэй” гээд захиж үлдээдэг. Энэ амьтныг  ирснээс хойш манай гэр бүлд сайхан үйл явдал их болсон” гэсэн юм. 

Үүгээр ч зогсохгүй Д.Буянтогтох гуайг гэртээ байхгүй хойгуур нь Борхүү хошуугаа унжуулчхаад сүүгээ ч уухаа больж, хол очоод хэвтчихдэг гэнэ. Энэ хавьд янзага, гөрөөс элбэг байдаг ч хотондоо гаршуулж тэжээсэн айл Доржхорлоо гуайнхаас өөр байхгүй. Амийг ч аварч, эхийг нь орлон цагаан сүүгээр угжиж өсгөсөн тул янзага ч эднийд ижилдэн дасаж, нэг жилтэй золгожээ. Сар бүр Д.Буянтогтох гуай янзаганыхаа зургийг авдаг бөгөөд сумын төв орохоороо угаалгаж, гэр бүлийнхээ зургийн цомогт хийдэг талаараа бидэнд мөн ярьсан юм. 

Борхүүг ижил сүрэгт нь тавих уу гэхэд Д.Буянтогтох гуай “Ижил сүрэгт нь шууд тавьчихвал нохой, шувуунд баригдчих болов уу гэж бид нар хоорондоо ярьсан. Намар буга урамдах цагаар зөнгөөрөө байгаль руу гүйчихвэл явуулах л байхдаа. Гэхдээ Борхүүдээ дэндүү дассан болохоор хэцүү их л үгүйлэн санах байх даа” гэсэн юм. 

Хангайн бугыг осгох аюулаас аварч хайрлан өсгөсөн сайхан сэтгэлт энэ эмэгтэй яг л хүүхдийнхээ талаар ярьж буй мэт инээн, баясаж, янзагаа өхөөрдсөөр бидэнтэй ийн хуучилсан юм.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө