Дарханы автозамыг хааснаар Орхон, Дархан-Уул аймаг чиглэлийн таксины үнэ 20-50 мянган төгрөг болж нэмэгджээ

Дарханы автозамыг хааснаар Орхон, Дархан-Уул аймаг чиглэлийн таксины үнэ 20-50 мянган төгрөг болж нэмэгджээ

Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гаргасан. Энэ дагуу одоо байгаа хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны, шинээр нэмж барих хоёр эгнээ замыг Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр барих юм. Хуучин хоёр эгнээ замын шинэчлэлийн ажлын санхүүжилт нь 60 сая ам.доллар. Үүний 58.5 сая нь Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээл, 1.5 сая доллар нь буцалтгүй тусламж ажээ.

-УЛААНБААТАР-ДАРХАНЫ ЗАМЫГ 4 ЭГНЭЭ БОЛГОХ АЖЛЫН ЭХНИЙ 2 ЭГНЭЭГ 11 САРД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ЁСТОЙ-

Улмаар авто замыг шинэчилэн, засварлахтай холбоотойгоор тус чиглэлийн авто замыг зургадугаар сарын 17-нд хааж, зам засварын ажил эхлээд явж буй юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх замын зураг төсөл хийгдэж дуусаад компаниуд хоорондоо гэрээгээ байгуулаад бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Нэгж техникүүд замдаа гарчихсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд одоо байгаа хоёр эгнээ замыг шинэчлэн ашиглалтад оруулах үүрэг даалгавартай. Хугацаа богино байна. Тиймээс хамгийн сүүлийн үеийн техник, технологийг хэрэглэнэ. Хугацаандаа ашиглалтад орно гэж тооцож байгаа” хэмээж байгаа юм.

-УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ЖИЖИГ ТЭРЭГНИЙ ҮНЭ 35-45 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДЖЭЭ-

Зам хаасан хэсэгт иргэд түр замаар зорчин бусад хэсэгт үндсэн замаар хөдөлгөөнд оролцож буй. Булган, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэхээр зохицуулжээ.

Дархан чиглэлийн замаар иргэд дөрвөн аймгийн чиглэлд зорчдог. Энэ чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сар зэрэг томоохон баяраар зорчигчдын урсгал нэмэгддэг.

Оргил ачааллын үедээ өдөрт 12300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг байна. Энэ зам бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1,4-2,7 дахин их бөгөөд энэ ачаалал нь тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих нөхцөл алдагдаж, эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Зам хааж, засварын ажил эхэлснээс хойш багагүй хүндрэлүүд үүсч иргэдийг бухимдуулаад байгаа аж. Тодруулбал, Дархан хүртэлх зам их хэмжээний эвдрэлтэйгээс зорчход ихээхэн хүндрэл гарч байгаагаас гадна замын эвдрэлийг далимдуулан дөрвөн аймгийн такси болон микроавтобусууд үйлчилгээний үнээ тэнгэрт тултал нэмсэн байна.

Улаанбаатар-Дарханы чиглэлд орон нутгийн тээврийн хэрэгслээр зорчиход 12.200 төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин “Драгон” автовокзал дээрээс Дархан чиглэл рүү хөдлөх такси болон микроавтобусууд үнээ нэмж аманд орсон тоогоо хэлж буй юм байна.

Тэднээс "Дархан явах замын зардал хэд вэ" гэж асуух иргэдэд 20-45 мянган төгрөгийн хооронд үнээ хэлж байлаа.

Мөн Орхон чиглэлийн орон нутгийн тээврийн хэрэгслээр зорчиход 19.300 төгрөг, такси болон микроавтобусаар зорчход 30-50 мянган төгрөгийн хооронд байна.

-ШИНЭ ЗАМ ТАВИХ АЖЛЫГ ӨМНӨД ХӨРШИЙН ДӨРВӨН КОМПАНИ ХУВААН ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА-

Улаанбаатар-Дархан чиглэлийн түр зам тавих ажлыг Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Баянчандмань АЗЗА компаниуд 40-50 километрээр хуваан гүйцэтгэж байгаа аж. Харин зам тавих үндсэн ажлыг:

-Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар тодот давааны ар хүртэлх 37.26 км авто замыг БНХАУ-ын Хэйлонжианжиньи рөүд энд бридж

-Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замыг БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп

-Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км автозамыг БНХАУ-ын Гуйжоу Хайвэй Инженеринг групп

-Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км автозамыг БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп

-Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км автозамыг БНХАУ-ын Чайна Жео Инженеринг Корпораци зэрэг компаниуд хэсэгчлэн тав хуваан гүйцэтгэж байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө