Монгол гэр бүл алс холын Америкт усан үзэм тариалж, өөрсдийн гараар вино хийж байна

Монгол гэр бүл алс холын Америкт усан үзэм тариалж, өөрсдийн гараар вино хийж байна

Монголчууд дэлхийн өнцөг булан бүрт баялаг бүтээж байна…

Уншигч та бүхэнд манай сайт өмнө нь алс хол Альпийн нуруунд Монголынхоо туг далбааг мандуулж, зөвхөн Монголчууддаа үйлчилдэг амралтын газрыг байгуулсан Б.Үнэнбилэгийн гэр бүлийн түүхийг хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад АНУ-ын Калифорни мужийн баруун эрэгт байрлах “Walnut Creek” хэмээх хотод амьдардаг нэгэн бүтээлч гэр бүлийг танилцуулах гэж байна. Энэ гэр бүл бол Т.Түвшинтөгсийнх. Т.Түвшинтөгс эхнэр Б.Загдсүрэн болон гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд одоогоос 19 жилийн өмнө Калифорни мужид ирж суурьшжээ. Тэдний гэр бүл тун спортлог. Уулын аялал, гүйлтийг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгосон бөгөөд хамгийн сонирхолтой нь 2017 оноос усан үзмийн тариалан эрхэлж, вино хийж эхэлжээ.

Тэдний суурьшсан хотод “Напа валле” /Napa Valley/ хэмээх дэлхийд алдаршсан виноны үйлдвэр байдаг. Тэр ч утгаараа хотын ихэнх айл өрх усан үзмийн тариалан эрхэлж, өөрсдийн гараар вино хийдэг аж. Т.Түвшинтөгсийн гэр бүлийг анх нүүж ирэхэд нь хөрш айл нь усан үзмийн тариалангийн газраасаа хоёр эгнээг өгч, өөрсдөө арчилж ургуулан вино хийх саналыг тавьж байжээ. Ингэж л хосуудын гэр бүлийн вино үйлдвэрлэл эхэлсэн түүхтэй. Улмаар хосууд хөршүүдээсээ усан үзмийн бут арчлах хийгээд вино үйлдвэрлэлийн арга техникээс нь суралцаж эхний жил 24 шил вино хийжээ. Анхны амтлагчид болох найзууд нь ихээхэн ам сайтай байсан тул урамшиж дараа дараагийн виногоо хийж эхэлсэн байна.

Тэдний ургацаа авдаг талбай нь хоёр эгнээ 30 метр урт. Анхандаа туршлагагагүйтэж хэрэм, зурам, шувуунд ургацаа алдах тохиолдол ч гарч байсан ч өнгөрсөн жил буюу 2020 онд авсан ургацаасаа 250 литр вино гарган авсан байна. Ургац хураалтаа 9-11 дүгээр сарын үед хийсний дараа услалтаа зогсоож, бутнуудаа “унтуулдаг”. Навчнууд нь бүрэн унаж дууссаны дараа II, IV сарын хооронд хуучин мөчрүүдээ тайрч, үндсэн бутаа үлдээдэг гэнэ. Үүний дараа V сараас эхлэн услалтаа сэргээн, бордож шинэ ургацаа хураан авдаг аж.

Т.Түвшинтөгс вино эсгэлт дээрээ анхаарч ажилладаг бол эхнэр Б.Загдсүрэн нь усан үзэм тариалалтын явцад анхаарч бүхий л арчилгааг бие даана хийдэг. Үүгээр ч зогсохгүй виноны шилний гаднах шошгын загварыг ч гаргадаг байна. Анх 2018 онд эхнэр Б.Загдсүрэнгийн хүсэлд тааруулан чихэрлэг, зөөлөн амттай вино гарган авч байсан бол жил бүр энэ амтыг өөрсдийнхөө хүсэлд тааруулан өөрчилж иржээ.

Вино хийнэ гэдэг тэдний хувьд огт төсөөлөөгүй, шинэ зүйл байсан бол одоо туршлагажсаар цаашдаа ч усан үзмийн газрын хэмжээгээ нэмэх зорилготой байгаа гэнэ. Мөн жил бүр хотын хэмжээнд вино үйлдвэрлэгч гэр бүлүүдийн хооронд зохион байгуулагддаг фестивалд ч оролцож өөрсдийн виноны түүхийг хуваалцах мөрөөдөлтэй аж.

Т.Түвшинтөгсийн гэр бүл спортод ялангуяа гүйлтийн спортод тун хайртай. Та санаж байгаа бол 2016 онд Хойд туйлд зохион байгуулагдсан нохой чарганы тэмцээнд Монголынхоо далбаагаар "гангарч", зургаан хоног тэсвэр тэвчээрийг харуулсан бүсгүй бол Б.Загдсүрэн юм. Түүний нөхөр Т.Түвшинтөгс ч холын зайн гүйлтийн төрөл бүрийн тэмцээнд идэвхтэй оролцдог нэгэн. Спортыг амьдралынхаа нэгэн хэсэг болгож, өөрсдийн хөлс хөдөлмөрөөрөө ургуулсан усан үзмээрээ вино хийж буй үлгэр жишээ нэгэн гэр бүлийг та бүхэнд танилцууллаа.