МХЕГ: Ханх сумын зарим барилга байгууламжийн суурийн хөрс 50 см гүн хагарсан байжээ

МХЕГ: Ханх сумын зарим барилга байгууламжийн суурийн хөрс 50 см гүн хагарсан байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлттэй холбогдуулан аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудад холбогдох байгууллагуудтай хамтран тухайн нутаг дэвсгэрт байршилтай барилга байгууламжид үзлэг шалгалт хийх, үүссэн нөхцөл байдлын талаар оршин суугчдаас тодруулга мэдээлэл  авах, цуглуулах үүрэг даалгаврыг өгч, мэдээ тайланг хүлээн авч биелэлтийг тооцон ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн 50 барилга байгууламжийг хяналт шалгалтад хамруулахад барилга байгууламжийн суурийн хөндийн доорх газрын хөрс 5 см өргөн, 50 см гүнтэй хагарсан, хамар хана, гадна дүүргэгч хана, багана, дам нурууны уулзварын хэсгээр ан цав гарсан, хуучин үүссэн хагарлууд нэмэгдсэн, цонхны шил цуурсан, хагарсан, модон дам нуруу, баганууд цууралт үүссэн, мушгирч гажсан, барилгын гадна талын шавардлагад ан цав, хагарал гарсан, модон хучилт, таазанд хотойлт үүссэн, таазны шавардлага хөндийрсөн, сууринд суулт өгсөн зэрэг эвдрэл гэмтлүүд гарсан нь тогтоогдсон хэмээн МХЕГ-ын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин мэдээлжээ.

Одоогийн байдлаар Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Дархан-Уул, Увс, Говь-сүмбэр аймгийн 11 сумын 118 барилга байгууламжийг хамруулан, үзлэг шалгалтын дүнг Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлд хүргүүлээд байгаа аж.