Б.Ичинхорлоо: Хамаатан саданд минь намхан хүн байхгүй, үр хүүхдүүд минь хэвийн өндөртэй

Б.Ичинхорлоо: Хамаатан саданд минь намхан хүн байхгүй, үр хүүхдүүд минь хэвийн өндөртэй

Энэ удаад бид монголынхоо мянга мянган настан буурлуудын нэг болох Жүрмэдийн Ичинхорлоо гуайг онцолж байна. Зарим хүмүүс түүнийг монголын “хамгийн намхан иргэн” гэдгээр нь хэдийн танидаг болсон. Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул тэрээр нас сүүдэр 70 хүрч яваа нэгэн бөгөөд өдгөө Чойбалсан сумандаа мал маллан амьдарч байгаа аж. Ж.Ичинхорлоо гуайг анх 1990 онд Монгол улсын хамгийн намхан хүнээр албан ёсоор тодруулж, номын хуудаснаа тэмдэглэж байжээ.

Тэрээр залуудаа 90 гаруй см байсан ч нас хэвийх тусам намхарсаар өдгөө 65 см, 28 кг жинтэй болсон байна.

Ж.Ичинхорлоо гуай 1971 онд кесар хагалгаагаар төрж, эрүүл саруул, хэвийн өсөлттэй хүүтэй болж байжээ. Бид түүнтэй холбогдох үед тэрээр сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ба “эмээ нь эмнэлэгт ярих хүнгүй их уйдах юм аа” гэсээр ярилцах хүсэлтийг маань уриалгахан хүлээн авсан юм.  

СОНСОХ: 

-ЭМЭЭ НЬ ЗАЛУУДАА 15 СААЛЬЧНЫ ДЭЭЛИЙГ НЭГ ДОР ОЁОД ӨГЧИХДӨГ, ИХ Л ОЁЖ, ШИДЭХ ДУРТАЙ ХҮН БАЙЛАА-

-Сайн байна уу та, сайхан өвөлжиж байна уу?

-Сайн, сайн байцгаана уу, эмээ нь сайхан өвөлжиж байна аа. Манай нутгаар цас ихтэй ч тогтуун, дулаахан сайхан өвөл болж өнгөрч байна.

-Та уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу, залуу нас тань яаж өнгөрөв?

-Эмээг нь Жүрмэдийн Ичинхорлоо гэдэг. Одоо 70 нас хүрч явна аа. Насаараа Чойбалсан сумандаа мал маллаж амьдарсан хүн дээ. Эхээс хоёулаа, дороо эмэгтэй дүүтэй ч өргүүлчихсэн гэдэг. Ганц сайхан хүүтэй. Хөөрхөн бэртэй, хоёр ач зээтэй. Одоо хүүтэйгээ, бэртэйгээ хамт амьдардаг.

-Цагаан сар дөхөөд ирэхээр танд нутгийнхан нь хүндлэл үзүүлдэг юм байна. Саяхан хилийн цэргийн ангийхан хүндлэл үзүүлсэн гэсэн мэдээ харлаа. Танд ямар сэтгэгдэл төрөв?

-Тэгсээн, сайхан л байдаг юм. Настан, буурлуудаа хүндэтгэж байгаа хойч үеийнхнээ харахаар баярладаг.

-Эмнэлэгт хэвтэж байгаа юм байна. Бие тэнхээ хэр байна?

-Тиймээ, аймгийн эмнэлэгт хэвтэж байгаад сая сумынхаа эмнэлэгт ирлээ. Биен дээр харшил маягийн юм гараад их зовиуртай байна. Хөл жаахан өвддөг болсон. Бусдаар ч гайгүй дээ. Одоо сандал түшээд л орж гардаг болсон.

-Залуудаа их сайн оёдолчин байсан гэж дуулсан?

-Тийм шүү, их л сайн оёж шиддэг байсан даа. 15 саальчны дээлийг дарааллан оёод л өгчихдөг байсан. Одоо ч нүдний хараа муудаад, зүүгээ ч сүвлэж чадахгүй болж дээ. Бага залуудаа их л хөнгөн шингэн малтай ноцолддог хүн байсан. Би чинь хонь малаа угжиж, мал болгохын сацуу хоёр ач, зээгээ ч хүн болгочихсон юм даг. Одоо ч 20, 23-тай том залуучууд болсон доо.

-ХАМААТАН САДАН, ҮР ХҮҮХЭД ДУНД МИНЬ НАД ШИГ НАМХАН ХҮН БАЙДАГГҮЙ, БҮГД ХЭВИЙН ӨНДӨРТЭЙ-

-Таны өндөр одоо яг хэд байна, залуу байх үеийнхээсээ намсах болсон гэж ярьж байсан?

Тиймээ, би чинь залуудаа 92 см байж байгаад одоо 70 см болчих шиг боллоо. Хариугүй л юм даа хүү минь. \инээв\  Бага залуудаа өөрийгөө яагаад ийм болчихсон юм бол гэж их л бодож, гутардаг байсан сан. Дээр байгаа юмаа авч чадахгүй, бүх зүйлсээ л доогуур тавьдаг байсан даа.

-Ямар учраас намхан болсон гэдгээ та эцэг, эхээсээ асууж мэдэж байв уу? Эцэг эх, хамаатан садан дунд нь таньтай адил намхан нуруутай хүн бий юу?

-Хамаатан садан дунд минь намхан хүн огт байхгүй ээ. Үр хүүхдүүд минь ч хэвийн өндөртэй. Би 6,7 наснаасаа хойш л өсөхөө болисон гэж ярьдаг. Тэгээд эмч нарт үзүүлээд Аркет гэдэг ясны өвчин хүндрээд өсөхөө болисон гэдэг юм.

-Хамгийн намхан иргэн гэдгээ анх хаанаас яаж сонсож мэдсэн бэ?

-Өө эмээг нь хүмүүс янз бүрээр л ярьдаг байсан юм. Улаан номонд орсон л гэнэ, хамгийн намхан эмээ л гэнэ, үнэлгээ хийж үзэхэд хамгий намханаар шалгарлаа, азтай л гэнэ. \инээв\ Эмээд нь юуных нь гавьяа байв гэж дээ. Зарим хүмүүс зургаа хамт авхууллаа, хамгийн намхан хүнтэй уулзлаа гээд л их ярьдаг гэж сонссон.

-БАГАДАА СУРГУУЛЬД ЯВЖ ЧАДААГҮЙ Ч СОНИНЫ БУЛАН ХАРСААР БАЙГААД БИЧИГ, ҮСЭГ ДАВГҮЙ СУРЧИХСАН-

-Намхан нуруутай ч нутгийхан тань таныг их ухаан санаа цэлмэг, саруул гэж ярьцгаадаг юм байна лээ?

-Тийм ээ, “аркет” гэх өвчин хүндэрсэн ч миний ухаан санаанд огт нөлөөлөөгүй дээ. Өвчнөөсөө болоод сургууль соёлд явж чадаагүй ч гэсэн эмээ нь сонингийн булан харсаар байгаад бичиг, үсэг давгүй сурчихсан юм даг. Тэр үед “Намын үнэн”, “Дөл”, “Хөдөлмөр” сонин гээд сайхан сонинууд ихээр гардаг байсан даа. Тэр сонины булан, хайчилбаруудыг их олзуурхан цуглуулж байгаад бичиг үсэг сурчихсан. Одоо нүд харахгүй болсон, чих ч дүлийрэх гэж байна даа.

-Халдварт өвчний улмаас хоёр жил цагаан сар хийхгүй өнжиж байна. Таны хувьд цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг байх?

-Өө тэгэлгүй яахав, сумынхан маань намайг бүгд таньдаг болхоороо олонтойгоо сайхан л байдаг юм. Гэвч айхтар өвчин гарчихсан хойно баяр ёслол яахав дээ. Эрүүл саруул байвал баяр дахиад олдох биз. Эмээ нь гэр бүлийнхээ хүрээнд л ёслоод өнгөрнө дөө.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье. Урт насалж, удаан жаргаарай.