СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун хэсгээр, маргааш өдөр Ховдын зүүн, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурна гэлээ.

Тодруулбал, өнөө шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхаарууллаа.

Мөн "2021 оны 2 дугаар сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 11, 12-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 13, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Энэ сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна" гэлээ.