ТОДРУУЛГА: Эргүүл хийх төрийн алба хаагчид “Автобус хүлээж, олон хүнтэй хамт зорчиж” эрсдэлд орж байна

ТОДРУУЛГА: Эргүүл хийх төрийн алба хаагчид “Автобус хүлээж, олон хүнтэй хамт зорчиж” эрсдэлд орж байна

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот даяар 12 хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоож байгаа билээ. Энэ үеэр цагдаагийн болон төрийн албан хаагчдыг эргүүлд гаргаж буй.

-ТӨРИЙН АЛБА ХААГЧДЫГ ХУВИЙН АВТОМАШИНАА УНАХЫГ ХОРИГЛОСОН ТУЛ ТЭД ЭРГҮҮЛ ХИЙХ ГАЗАРТАА ХҮРЭХИЙН ТУЛД АВТОБУСАНД ОЛОН ХҮНТЭЙ ЗОРЧИЖ, ЭРСДЭЛД ОРЖ БАЙНА-

Төрийн албан хаагчдын хувьд эргүүл нь өглөөний 05.30 цагаас эхэлж байгаа бөгөөд нэг хүн өдөрт 10 цаг эргүүлд гарах ёстой. Гэсэн ч УОК-ын шийдвэрээр иргэдийг хувийн автомашинаар зорчихыг хориглосонтой холбоотойгоор эргүүлд гарах гэсэн төрийн албан хаагчид хэдэн цагийн турш автобус хүлээн эцэст нь олон хүнтэй хамт зорчиж “халдвар авах магадлал нэмэгдэж” байгаа талаараа манай редакцад хандаж хэлж байна. 

Мөн эргүүлд гарах хугацаандаа хоол идэх боломжгүй /хувийн автомашин хориглосон тул хоол авч явах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа/, цаашлаад ариун цэврийн өрөө байхгүй тул бүтэн 10 цагийн турш бие засах боломжгүй нөхцөл байдалд ороод байгаа ажээ.

Энэ талаар бид өнөөдөр өглөө 05.30 минутаас эхлэн эргүүлд гарч буй нэрээ нууцлахыг хүссэн төрийн албан хаагчаас тодрууллаа.

Тэрбээр “Би өглөө 05.30 минутаас эхэлж эргүүлд гарч байна. Ээлж маань 15.00 цагт дуусна. Бид эргүүлд гарах хугацаандаа хоол байтугай халуун, бүлээн зүйл ч ууж боломжгүй.  Бас ариун цэврийн өрөө ч орж чадахааргүй нөхцөл байдалд арван цаг тэсэх ёстой болоод байна. Миний хувьд гэртэйгээ харьцангуй ойрхон газарт хуваарилагдсан тул алхаад ирчихсэн. Гэтэл ажлын маань хэд хэдэн хүн маш хол газарт хуваарилагдсан. 

Зарим нь хотын зах, лагерийн орчимд эргүүлд гарах хуваарьтай тул автобусыг олон цаг хүлээсний эцэст битүү хүнтэй хамт чихцэлдээд явсан талаараа хэлж байна. Хувийн унаагаараа ирье гэхэд зөвшөөрөхгүй. Үнэхээр зохион байгуулалт муу байгаа нь эхнээсээ харагдаж байна” гэсэн юм.