Монгол Улсын вакцин авах 50.7 сая ам.долларыг Дэлхийн банк баталлаа

Монгол Улсын вакцин авах 50.7 сая ам.долларыг Дэлхийн банк баталлаа

“COVID-19”-ийн эсрэг вакциныг Монгол Улс харьцангуй хямд үнээр авч иргэддээ хүртээмжтэй нийлүүлэх зорилтыг дэмжин Дэлхийн банк 50.7 сая ам.долларын санхүүжилтийг өчигдөр баталжээ.

Тодруулбал, Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл Монгол Улсад “COVID-19”-ийн цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөлд дээрх хэмжээний нэмэлт санхүүжилтийг өчигдөр баталсан бөгөөд тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх юм.

Энэ талаар Дэлхийн банкны мэдэгдэлд “Халдварын тоо тус улсад харьцангуй бага байгаа хэдий ч дотоодын халдвар нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байна. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг цааш үргэлжлүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх болон вакцин зэрэг нь нэн чухал зорилтууд болоод байгаа. Өчигдөр батлагдсан нэмэлт санхүүжилт нь хүн амынхаа 60-аас доошгүй хувийг вакцинд хамруулах Засгийн газрын бодлого төлөвлөгөөг дэмжин, коронавирусийн эсрэг вакциныг худалдан авах, иргэдийг хамруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх юм.  Тус улсад дархлаажуулалт хийх үндэсний нөөц, чадавхийг нэн яаралтай өргөжүүлэх шаардлага үүсч байгаа тул хүйтэн хэлхээ, вакцины тээвэрлэлт, логистикийн шийдлийг сайжруулах, үндэсний болон орон нутгийн түвшинд дархлаажуулалтын төлөвлөгөөг оновчтой боловсруулах, олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулах, ажилтнуудыг сургах зэрэг вакциныг хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад цогц дэмжлэг үзүүлнэ” гэж дурджээ.

 Эх сурвалж: Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар