Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ

2021 оны 2 дугаар сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэрнэ хэмээн мэдээллээ.

Энэ сарын 14-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 16-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.