Өнөөдрөөс эхлэн эмэгтэй төрийн албан хаагчид эргүүлд гарахгүй, мөн цагийн хуваарьт нь өөрчлөлт оржээ

Өнөөдрөөс эхлэн эмэгтэй төрийн албан хаагчид эргүүлд гарахгүй, мөн цагийн хуваарьт нь өөрчлөлт оржээ

Энэ сарын 11-нээс эхлэн Улаанбаатар хот даяар 12 хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоож байгаа билээ. Энэ өдрүүдэд Сар шинийн баяр таарч буй бөгөөд "Нэг өрх-Нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулах юм.  Үүнтэй холбогдуулан хөл, хорионы дэглэмийг ард иргэдэд мөрдүүлэх, хяналт тавих үүднээс төрийн бүх албан хаагчдыг Улаанбаатар хотод тараан байршуулж эргүүлийн үүрэг гүйцэтгүүлэх Улсын онцгой комиссын шийдвэр гарсан. 

Ингэхдээ хөгшин настай хүн, жирэмсэн эмэгтэй, хууч өвчтэй гээд ялгалгүй өглөөний 06.00-21.00 цаг хүртэл гадаа эргүүлийн ажил хийлгэж буйг олон нийт эсэргүүцсэн. Мөн тус албан хаагчид нь хувийн машингүй нийтийн тээврээр эргүүлд гарах газар руу гаа явж өдөржин гадаа зогсохдоо амарч дулаацах болон бие засах, хоол идэх газаргүй байна гэсэн юм.

Тэгвэл энэ талаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай “ Өчигдөр өгсөн үүргийн дагуу ЦЕГ болон дүүргийн Засаг дарга нар руу албан бичиг явуулсан. Үүний үр дүнд төрийн захиргааны байгууллагын эмэгтэй алба хаагчдыг эргүүлд гаргахгүй байхаар болсон. Мөн нийт эргүүлүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 08:00-14.00, 14:00-20:00 цаг гэсэн хуваарь гаргаж, хоёр ээлжтэй болгосон.

Төрийн албан хаагчид шөнийн цагаар эргүүлд гарч байна гэсэн гомдол мөн ирсэн. Үүнийг зогсоосон. Бие засах газар, халуун хоол ундаар үйлчлэхгүй байна гэсэн гомдлын дагуу Хот тохижилтын газар руу чиглэл өгч, эргүүлд гарч байгаа алба хаагчдад нийслэлийн хэмжээнд байгаа 16 бие засах газар үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалт хийсэн. Өчигдөр 16:00 цагаас эдгээр газрууд ажиллаж эхэлсэн. Өдөр бүр 10:00-19:00 цаг хүртэл ажиллана” гэж мэдэгджээ.