МАН, МАХН нэгдэх уулзалтыг Д.Амарбаясгалан, Б.Тулга, О.Цолмон нар хийж байгаа юу

МАН, МАХН нэгдэх уулзалтыг Д.Амарбаясгалан, Б.Тулга, О.Цолмон нар хийж байгаа юу

2020 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар парламентад сонгогдож, тус нам энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой болсон. Харин үүний дараа “Ерөнхийлөгчийн урилгаар МАХН-ын дарга Н.Энхбаяр хүү Э.Батшугарынхаа хамт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км шинэ төмөр замын  ажилтай танилцлаа” гэсэн мэдээлэл ч гарч байв. Ингээд удаагүй орон нутгийн ИТХ-ын сонгуульд АН,  МАХН, ШИНЭ намууд хамтарч оролцсон. 

-МАН, МАХН НЭГДЭХИЙГ С.ГАНБААТАР ДЭМЖИХГҮЙ ГЭСЭН ҮҮ-

Учир нь дээрх үйл явдлаас ердөө 3 сарын буюу өнгөрөгч нэгдүгээр сарын 28-ны өдөр болсон МАХН-ын 100 жилийн ойн баярын хурал дээр Н.Энхбаяр үг хэлэхдээ “Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй” гэж мэдэгдсэн. Иймд түүний энэхүү мэдэгдлийг хоёр шалтгаантай гэж зарим эх сурвалжууд тайлбарлаж байна. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар төв талбайд “Оюутолгойн гэрээг цуцлахыг шаардаж өлсгөлөн зарлах” тухайгаа намын дарга Н.Энхбаяртайгаа ярилцаж, тохироогүй.

Цаашлаад Ерөнхийлөгчтэй ярьж хийсэн байх магадлалтай тул Н.Энхбаяр түүнд нь дургүйцсэн. Нөгөөтэй энэ үеэр МАН, МАХН-ууд нэгдэх тухай асуудал яригдаж байсан гэж буй юм. Зарим эх сурвалжууд “МАН, МАХН-ууд нэгдэх асуудлыг дэмжихгүй” гэдгээ С.Ганбаатар намын дарга Н.Энхбаяртаа илэрхийлсэн. Ингээд тэрээр МАХН-ын байраараа ч очихгүй байгаа гэсэн юм. Хэрэв МАН, МАХН-ууд нэгдвэл С.Ганбаатар УИХ дахь МАН-ын бүлэгт орохгүй, харьяалагдах улс төрийн намгүй, ганц бие гишүүн болох бололтой.

- Н.ЭНХБАЯР “НАМЫН НЭР” ДЭЭР ТОХИРОЛЦОХГҮЙ БАЙГАА ЮУ-

Тэгвэл МАН, МАХН –ууд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгдэж магадгүй байна. Тодруулбал, нэгдэх уулзалтад МАН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-аас тус намын нарийн бичгийн дарга Б.Тулга, Н.Энхбаярын эхнэр О.Цолмон нар оролцож байгаа гэх мэдээлэл байна.

Ингээд Д.Амарбаясгалангийн зүгээс МАХН-ын гишүүдийг МАН-даа нэгтгэх санал гаргасан бол, Н.Энхбаяр зүгээс нэгдсэн намаа “МАХН гэж нэрлэх” санал гаргасан гэх мэдээлэл байна.

Товчхондоо МАХН-аас “намын нэр дээрээ тохирохгүй” байгаа бололтой. Мөн үүнээс гадна өөр яриа, тохироо ч ярьж байж магадгүй юм. Нөгөөтэй саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Б.Тулга, Э.Эрдэнэжамъян нарыг хүлээн авч уулзсан нь “МАН, МАХН-ууд нэгдэх яриа, хэлэлцээр амжилттай яваа”-гийн нэг илрэл байх талтай. Тус уулзалтын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Шинэ засгийн газарт хандан гаргасан зөвлөмжүүдээ” Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулсан байгаа юм. Харин энэ бүх уулзалтуудад УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг оролцуулахгүй байгаа ажээ. Мөн нөгөө талдаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг өөрчилье, олон сонгуульд амжилт үзүүлсэнгүй гэж ярих гишүүд ч тус намд гарч байгаа аж. Харин С.Ганбаатар Баянхонгор аймаг, нэг нутаг гэж Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойртсон байх талтай байна.  

МАН, МАХН -ууд нэгдэх нь зөв үү?

Нийт: 0 саналтай