Археологичид Египетээс 5 мянган жилийн настай шар айрагны үйлдвэр илрүүлжээ

Археологичид Египетээс 5 мянган жилийн настай шар айрагны үйлдвэр илрүүлжээ

Археологичид Египетийн эртний Абидос хотоос 5 мянган жилийн настай томоохон шар айрагны үйлдвэр илрүүлсэн талаар тус улсын Аялал жуулчлал, эртний эдлэлийн яам мэдээллээ. Тодруулбал, шар айраг үйлдвэрлэх зориулалттай 40 ширхэг шавар ваар олсон байна. Уг 40 шавар ваарт нэг удаад 22,400 литр шар айраг хийх боломжтой гэж судалгааны багийн археологичид хэлжээ. 

Тус үйлдвэр нь МЭӨ 3100 оны үед Нармер хааны үеэс эхлэлтэй байх магадлалтай бөгөөд Абидосоос олдсон хамгийн эртний үйлдвэр хэмээн тэмдэглэж байгаа аж.

Уг газарт өмнө нь хийсэн малтлага судалгаагаар тахилын ёслолын үеэр шар айраг хэрэглэж байсныг нотолж байсан удаатай. Энэхүү нээлтийг хийсэн Нью Йоркийн Их сургуулийн доктор Мэттью Адамс “Шар айргийг Египетийн эртний хаадын хаадын оршуулгын зан үйлд ашиглаж байсан” гэж үзэж байгаа талаараа хэлжээ.

Египетийн аялал жуулчлалын салбар цар тахлын улмаас ихээхэн хохирол амсаад буй. Тиймээс шинэ олдворууд нь жуулчдын тоог нэмэхэд тусална хэмээн эрх баригчид найдаж байгаа аж. Археологийн дурсгалт газрууд, музейг хаахтай зэрэгцэн өнгөрсөн оны 03 дугаар сард олон улсын нислэгүүдийг зогсоосон. Тус улсад ирсэн жуулчдын тоо 2019 онд 13.1 сая байсан бол 2020 онд 3.5 сая болж буурчээ. 

Эх сурвалж: CNN