Жүжигчин И.Одончимэг, дуучин Ука нар жирэмслээгүй, Тэмка сувдан цагаан өнгөтэй приус амлаагүй

Жүжигчин И.Одончимэг, дуучин Ука нар жирэмслээгүй, Тэмка сувдан цагаан өнгөтэй приус амлаагүй

Ойрын өдрүүдэд нийгмийн сүлжээнд олны танил, алдартай дуучин, жүжигчдийн нэрээр нэрлэсэн пээж хуудсууд төрөл бүрийн хонжвортой уралдаан зарлах үзэгдэл олширч байна.

Нийгмийн сүлжээнд энэ үйлдлийг хуурамч, хандалт авах зорилгоор хийж буйг мэдэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байгаа ч мэдэхгүй, итгэгчид ч олон байна.

Бид энэ зарим нэг уран бүтээлчдээс тодруулан асуулаа. “Эмоци” продакшны менежер “Тэмка, Нарансолонго нарын зүгээс охиныхоо хоёр насны ойд зориулаад сувдан цагаан приус, гурван сая төгрөгийн хонжвортой уралдаан зарлалаа гэж хуурамч аккаунтаас цацсан. Энэ бол ор үндэсгүй худлаа мэдээлэл. Бид нар яг энэ талаар хаана хэнд хэрхэн хандахаа мэдэхгүй л байна. Уран бүтээлчид хоорондоо л ярилцаж байна” гэлээ.

Харин дуучин Ука “Энэ бол бид нарын нэрийг ашиглан хандалтаа нэмэгдүүлж буй зорилтот ажил. Хаанаас хэн хийж байгааг мэдэх боломж алга байна. Холбогдох газрууд руу мэйл бичиж байна” гэж хэллээ.

Дуучин Б.Мягмарсүрэн “Гайхаад л байна. Тэр хүмүүст 100 евро хэрэг болсон юм болов уу гэж бодлоо” гэв.Харин хуурамч пост, хуурамч уралдаанд өртсөн жүжигчин Т.Бархүүгийн хувьд өөрийн нүүр номоороо дамжуулан залруулга мэдээлэл хийсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Одоогоор манайд нэр бүхий уран бүтээлч хандаж гомдол санал өгөөгүй байна. Ер нь бол цахим хуудаснаа хандалт нэмэх зорилгоор алдартай хүмүүсийн нэр, зургийг ашиглан уралдаан зарлах үзэгдэл маш элбэг тохиолдож байна” гэлээ. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө