Малайзад хүчирхийлэлд өртсөн Монгол эмэгтэй "мөнгөгүй" гэх шалтгаанаар нэхэмжлэлээ татсан байжээ

Малайзад хүчирхийлэлд өртсөн Монгол эмэгтэй "мөнгөгүй" гэх шалтгаанаар нэхэмжлэлээ татсан байжээ

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Малайз улсын цагдаагийн албан хаагч 30 настай Хазрул Хизам гэгч Монгол эмэгтэйчүүдийг эрх мэдлээрээ далайлган сүрдүүлж, хүчирхийлсэн хэрэг гарсан.

Хэргийг тодруулбал, Малайзын Петалинг Жаяа хотын замын пост дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагч Монгол Улсын иргэн болох 20 болон 37 настай эмэгтэйчүүдийг саатуулж зочид буудлын хоёр тусдаа өрөөнд хорин, хүчирхийлсэн хэрэг гарсан юм. Хохирогч бүсгүйчүүд Малайзад хууль бусаар амьдардаг байсан нь тэднийг сүрдүүлэх шалтгаан болсон байж болзошгүй гэж тус улсын хэвлэлүүдээр бичиж байсан. 

Тухайн үед манай улсын Гадаад харилцааны яамнаас “Малайзад манай улсаас суух элчин сайд байхгүй учир Тайландад суугаа элчин сайдын яам хариуцдаг. Малайз дахь Монгол улсын өргөмжит консул Рейнольдс Аугустин хохирогч эмэгтэйчүүдэд туслахаар хуулийн фирм хөлсөлсөн. Хэрэг шалгагдаж байгаа мэдээлэл Малайзын талаас байнга ирж байгаа. Коронавирусийн улмаас хэрэг шийдэгдэх нь бага зэрэг удаашралтай байгаа.

Гэхдээ энэ нь гэмт хэрэг учраас хуулийн хүрээнд шалгаж, хэрэгтэнд хариуцлагыг нь үүрүүлэхээр ажиллаж байна. Хэрэг шалгагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдэгдэж байв.

Тэгвэл тус хэргийн үйл явцын талаарх мэдээлэл саяхан Малайзын хэвлэлүүдээр гарчээ. Тодруулбал, нэг хохирогч эмэгтэй хуулийн үйлчилгээ авах мөнгөгүй байсан тул шүүхээс нэхэмжлэлээ татаад байсан аж.

Харин хохирогчийг төлөөлж байсан хуулийн фирм “краудфандинг” хийх замаар 46,500 малайз ринггит/11,5 мянган ам.доллар/ цуглуулсан байна/краудфандинг гэдэг нь интернетээр дамжуулан мөнгө босгох замаар аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үйл явц юм/. Ингэснээр өмнөх нэхэмжлэлийг дахин сэргээж, хэргийг хэлэлцэх боломжтой болж байгаа аж. Харин өөр нэг хохирогчид холбогдох хэргийг ирэх сарын 31-нд шүүхээр хэлэлцэх аж. Тодруулбал, хэргийг үйлдсэн Хазрул Хизам гэгчид тус тусад нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 

Эх сурвалж:  Freemalaysiatoday




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө