ТАНИЛЦ: Монгол Улсын бүртгэсэн ВАКЦИНУУДЫН талаарх бидний мэдэх ёстой зүйлс

ТАНИЛЦ: Монгол Улсын бүртгэсэн ВАКЦИНУУДЫН талаарх бидний мэдэх ёстой зүйлс

Өчигдөр/2021.02.16/ манай улсад коронавирусийн эсрэг вакциныг татан авах ажил албан ёсоор эхэлж, хөл хорио дуусмагц вакцинжуулалтыг эхлүүлнэ гэдгийг Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Монгол Улсын хувьд “AstraZeneca”/Covishield/ вакцины 163,200 тунг 2021 оны эхний улиралд авахаар болсон. Мөн “COVAX” хөтөлбөрийн хүрээнд “Pfizer” болон “Moderna” компаниудын вакцинуудыг шат дараатайгаар оруулж ирнэ хэмээн мэдэгдэж буй. Үүнээс гадна хойд хөршид бүтээгдсэн “Сипутник V”, урд хөршийн “Sinopharm” компанийн вакцинуудыг авахаар гэрээ хэлэлцээр хийж, бэлтгэл ажлаа хангаж байна.

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Иргэд ямар вакцин хийлгэхээ өөрсдөө сонгоно” хэмээн мэдэгдсэн.

Тиймээс Монгол Улсын эмийн бүртгэлд орсон “Pfizer”, “AstraZeneca”, “Moderna” компаниудын вакцины онцлог, хадгалалтын горим, аль улсын эрдэмтэд хэзээ бүтээсэн хийгээд гаж нөлөө бүртэгдсэн эсэх мэдээллийг хүргэж байна. 

АСТРАЗЕНЕКА

-“АСТРАЗЕНЕКА” КОМПАНИ, ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ХАМТРАН БҮТЭЭСЭН
“AZD1222” БУЮУ  COVISHIELD” ВАКЦИН-

Танилцуулга: Манай улсын авч буй Их Британийн “АстраЗенека” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээсэн “AZD1222” “Covishield” вакцины клиникийн туршилтын гуравдугаар үе шатны үр дүнг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-нд танилцуулсан. Эмнэл зүйн туршилтад хамрагдсан оролцогчдод вакцины хагас болон бүтэн тунг нэг сарын зайтай тарьж туршихад вирусийн эсрэг 90 хувийн үр дүнтэй байсан бөгөөд хоёр бүтэн тунг нэг сарын зайтай тарихад 62 хувийн үр дүнтэй үйлчилж буй нь тогтоогдсон. Энэ нь завсрын үр дүнгийн тайлан байв. 

Харин энэ оны нэгдүгээр сарын 3-нд клиникийн шатны туршилтыг албан ёсоор танилцуулсан бөгөөд эхний тунг хийхэд вирусийн эсрэг 76 хувийн үр дүнтэй үйлчилж буйг тогтоосон юм. Мөн эхний тунгаас хойш 12 долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийхэд вирусийн эсрэг 82 хувьтай үйлчилж байжээ. Тиймээс вакцин бүтээгчид вакцины хоёр тунг 8-12 долоо хоногийн зайтай тарьснаар бүтэн тунгийн үйлчлэл, үр дүн эрс нэмэгдэж вирусийн эсрэг илүү хүчтэй дархлаа бий болгож байна гэж мэдэгджээ. 

Хадгалах горим: “AstraZeneca”-ийн хувьд бусад вакцинаас хамгийн давуу талтай нь Цельсийн 2-8 градуст хадгалах боломжтой. Тэр ч утгаараа олноор үйлдвэрлэж болох ба хадгалахад хялбар.  Хадгалалтын хүйтэн хэлхээ шаардахгүй учраас вакцины тээврийн зардлыг асар ихээр хэмнэж байгаа юм.

Хориглох заалт: ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу судалгааны тодорхой үр дүн гарах хүртэл зөвхөн хүнд хэлбэрийн харшилтай болон 18-аас доош насны иргэдэд “AZD1222” вакциныг тарихыг хориглох заалтыг гаргажээ. Мөн “COVID-19”-ийн халдвар авсан хүмүүс эдгэснээс хойш зургаан сарын дараа “Covishield” вакцинд хамрагдах боломжтой болохыг зөвлөсөн байна.

Үүнээс гадна ДЭМБ-аас жирэмсэн эхчүүд болон удахгүй жирэмслэхээр төлөвлөж буй залуу эхчүүдэд дараах хоёр зөвлөмжийг өгч байна. 

  • Жирэмсэн эхийг вакцинжуулалтад албан журмаар хамруулах ёсгүй. Хэрэв халдвар авах эрсдэлтэй орчинд ажилладаг жирэмсэн эхийг вакцинжуулалтад хамруулах ёстой гэж үзвэл тухайн эхийн эрүүл мэндийн байдлыг харгалзан, эмч нар сайтар зөвлөлдөж байж вакцинжуулалтад хамруулах ёстой;
  • Хараахан жирэмслээгүй байгаа залуу эх, бүсгүйчүүд вакцинжуулалтад хамрагдсаны дараа 3 сарын дотор жирэмлэхгүй байх.

Вакцин хийлгэсний дараа хүний биед илрэх шинж тэмдгүүд: Вакцин тариулсны дараа тариулсан газар хавдах, загатнах, улайх, бие зарайх, толгой өвдөх, булчин хөндүүрлэх, ядрах, 38 хэм хүртэл халуурах зэрэг түгээмэл шинж тэмдэг ажиглагдах магадлалтай. Маш цөөн тохиолдолд булчирхай хавдах шинж тэмдэг илрэх боломжтой. Эдгээр шинж тэмдгүүд вакцин тариулснаас хойш хэд хоногийн дараа эхэлж, хоёр долоо хоног хүртэл үргэлжилнэ. Гэхдээ шинж тэмдгүүд нь таны дархлааны систем вакцинд хариу үйлдэл үзүүлж буй сайны дохио юм. Хэрэв шинж тэмдгүүд хүчтэй санагдсан тохиолдолд парацетамол эмийг зааврын дагуу уухыг зөвлөсөн байна.

Хамгийн түрүүнд халуурах шинж тэмдэг 48 цагийн дотор илэрнэ. Хэрэв танд “COVID-19”-ийн шинж тэмдэг нэмж илрээгүй эсвэл халдвартай хүнтэй ойрын хавьталд ороогүй бол вакцин тариулсны дараа тусгаарлагдах шаардлагагүй. Харин 48 цагаас удаан хугацаанд халуурч, коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлаж, шинжилгээ өгөх шаардлагатай.

Үнэ: Дэлхийн улс орнуудад хэрэглээнд нэвтэрсэн вакцинуудаас “Covishield” үнийн хавьд харьцангуй бага гэж хэлж болно. Цар тахлын үед үнэ нэмэхгүй гэж амласан “AstraZeneca” компани олон улсын эрүүл мэндийн байгууллага болон Засгийн газруудтай тохиролцож, нэг тунг нь 3-5 ам.доллараар үнэлжээ. 

Үйлдвэрлэл: Өнөөдрийн байдлаар Их Британи, Итали, Бельги, Франц, Энэтхэг болон Өмнөд Солонгост “AstraZeneca”-гийн вакцины үйлдвэрлэл явагдаж байгаа бөгөөд 2021 онд 400 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаагийн 80 сая тунг энэ оны эхний улиралд нийлүүлэх тооцоо хийгджээ.

Бүртгэсэн улс орнууд: Өчигдөр/2021.02.16/ ДЭМБ-аас тус вакциныг албан ёсоор бүртгэн авсан. Үүний зэрэгцээ тус компанийн патентын дагуу “COVAX” хөтөлбөрийн хүрээнд хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Одоогийн байдлаар вакциныг Европын Холбоо, Их Британи, Австрали, Энэтхэг, Аргентин, Мексик зэрэг улс орон албан ёсоор бүртгэн аваад байна. 

PFIZER

-ДЭМБ-ААС БАТАЛГААЖУУЛСАН АНХНЫ ВАКЦИН БОЛОХ “PFIZER”-

Танилцуулга: Америкийн эмийн үйлдвэрийн томоохон компани болох “Pfizer” болон Германы “BioNTech” компаниуд хамтран “BNT162b2” хэмээх вакциныг гарган авсан. ДЭМБ-аас өнгөрсөн 2020 оны сүүлийн өдөр буюу 12 дугаар сарын 31-нд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакцин хэмээн Pfizer/BioNTech вакциныг баталгаажуулсан. Мөн АНУ-ын Хүнс эмийн удирдах газраас ч эмнэл зүйд нэвтрүүлэх зөвшөөрлийг хамгийн түрүүнд олгосон.  Гурав дахь шатны эмнэлзүйн туршилтуудын үр дүнд үндэслэн тус вакцин нь коронавирусийн халдвараас 90 хувийн үр дүнтэй хамгаалах чадвартай хэмээн зарлаад буй. 

Онцлог: Өнгөрсөн нэгдүгээр сард тус вакциныг коронавирусийн мутацид орсон шинэ хувилбарт үйлчилсэн нь лабораторийн судалгаагаар тогтоосон талаар CNN агентлаг мэдээлсэн. Судлаачид мутацид орсон вирусээр өвчилсөн 20 хүнд эмнэлзүйн туршилтаар вакцин хийхэд вирусийн мутаци устсан нь тогтоогдсон байна. Их Британи, Өмнөд Африкт илэрч буй халдварлах чадвар өндөр коронавирусийн шинэ хувилбарт одоо хийгдэж буй вакцинууд нөлөөлөх эсэх асуудал сүүлийн үед эрдэмтдийн анхаарлыг татаж буй. “Pfizer”-ийн зүгээс өөрсдийн бүтээсэн вакцин шинэ хувилбарт ч нөлөөлнө хэмээн мэдэгдэж буй.

Хадгалах горим: “Pfizer”-ийн вакцины хувьд тээвэрлэлтийн өндөр шаарлага тавигддаг. Тодруулбал, Цельсийн -75 градуст хадгалах ёстой. 

Тун хоорондын хугацаа: 30 микрограмм хэмжээтэй хоёр тунг 21 хоногийн зайтай тарина.

Бүртгэсэн орнууд: АНУ, Их Британи, Саудын Араб, Израйл зэрэг дэлхийн 19 орон энэхүү вакцинаас худалдан авах хүсэлтээ өгчээ. Азийн орнуудаас Япон тун удахгүй иргэдээ тус вакцинаар дархлаажуулах гэж байна. Израйл улсын хувьд вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлж буй. Одоогоор вакцинд хамрагдсан нийт 3.1 сая хүний 1.8 сая хүн нь вакцины 2 дахь тунгаа тариулсан байна. Тус 3.1 сая хүнээс 31.8 мянган хүний ковидын шинжилгээ эерэг гарчээ. Өөрөөр хэлбэл,  вакцины 1 ба 2 дахь тунг тариулсан 100 хүн тутмаас 1 нь халдвар авсан гэсэн эхний үр дүн гарсан байна. 

Вакцин тариулсны дараа илрэх шинж тэмдэг: Ердийн вакциныг тариулсны дараа илэрдэг түгээмэл шинжүүд болох тариулсан улайх, булчин, толгой өвдөх, бага зэрэг халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Гэвч Израильд тус вакциныг хийлгэсэн 13 хүнд нүүрний мэдрэлийн саажилт үүссэн тохиолдол бүртгэгдсэн. Мөн өнгөрсөн 01 дүгээр сард АНУ-ын Флорида мужийн эмнэлэгт эх баригчаар ажилладаг байсан Грегори Майкл хэмээх эмч “Pfizer” вакцин хийлгэснээс хэдэн долоо хоногийн нас барсан юм. 56 настай эмчийн үхлийн шалтгаан нь цус харвалт хэмээн тэмдэглэгдсэн. Вакцин хийлгэснээс хэд хоногийн дараа түүний биед улаан толбонууд туурч эхэлсэн бөгөөд эмнэлэгт хоёр хоног эмчилгээ хийлгэж байгаад нас барсан юм. Одоогоор түүний үхэлд вакцин нөлөөлсөн эсэх асуудлыг шалгаж байна. 

MODERNA

-АНУ-ЫН “MODERNA” БИОТЕХНОЛОГИЙН КОМПАНИЙН БҮТЭЭСЭН “MRNA-1273” ВАКЦИН-

Танилцуулга: АНУ-д төвтэй “Moderna” биотехнологийн компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг “mRNA-1273” вакцины сүүлчийн шатны туршилт нь 94.5 хувийн үр дүнтэй болсныг хамгийн анх өнгөрсөн оны 11 дүгээр сард зарлаж байв. АНУ-д явуулсан уг вакцины туршилтад 30 мянган хүн оролцсон бөгөөд туршилтад оролцогсдын тал нь вакцины хоёр дахь тунг дөрвөн долоо хоногийн зайтай хийлгэжээ. Эхний 95 хүнд хийсэн ажиглалтын үр дүнг гаргасан бөгөөд тэдгээрээс тав нь Covid-ийн халдвар авсан байна. Тиймээс вакцины хамгаалах чадварыг 94.5 хувьтай гэж дүгнэжээ. АНУ-ын Хүнс эмийн удирдлагын газраас 2020 оны 12 дугаар сарын 17-нд эмнэл зүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон.

Тун хоорондын хугацаа: 100 микрогамм хэмжээтэй хоёр тунг 28 хоногийн зайтай хийнэ. 

Насны ангилал:18 болон түүнээс дээш насныханд хийхийг зөвшөөрнө. Гэхдээ компанийн зүгээс өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүүхдэд зориулсан тусгай вакцин гаргана авах талаар албан ёсоор мэдэгдсэн. Вакцины туршилтад аль хэдийн 3 мянга гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд ирэх жилийн намраас өмнө эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл авах төлөвлөгөөтэй байгаа аж. Ингэснээр коронавирусийн улмаас дахин сургуулийн үйл ажиллагаа тасалдаж хүүхдийн боловсрол олж авах замд саад үүсэхгүй хэмээн вакцин бүтээгчид үзэж байгаа юм байна. Тэдний мэдээлснээр өсвөр насны хүүхдүүдэд вакцин нь насанд хүрэгчдээс илүү үр дүнтэй үйлчлэх гэнэ. Мөн вакциныг насанд хүрэгчдийн адил 28 хоногийн зайтай хоёр тунгаар хийх юм байна.

Үйлдвэрлэл: 2021 онд 1 тэрбум тунг үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байна.

Үнэ: “Moderna” зарим үйлчлүүлэгчдэд вакциныхаа нэг тунг 32-37 ам.доллараар үнэлсэн. Захиалгын хэмжээнээс хамааран вакцины үнэ буулгах хэлэлцээр хийх боломжтой гэдгийг тус компанийн зүгээс мэдэгдээд байна. 

Вакцин тариулсны дараа илрэх шинж тэмдэг: Вакцин тариулсны дараах ердийн шинж тэмдэг илэрсэн. Мөн хэд хэдэн хүнд нүүрний саажилт үүссэн. 

 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө