М.Бямба-Өлзий: Долоон сарын өмнө алга болсон охиноо олох гэж хайгаагүй газар, үзүүлээгүй лам гэж үлдээгүй

М.Бямба-Өлзий: Долоон сарын өмнө алга болсон охиноо олох гэж хайгаагүй газар, үзүүлээгүй лам гэж үлдээгүй

Өнгөрсөн зун буюу 2020 оны долдугаар сарын 31-ний оройн 22:35 цагийн үед Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороонд байдаг “Тэнгэрийн энерги бясалгалын төв”–өөс  Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн 25 настай, Б.Оргил гэх эмэгтэй сураггүй алга болсон юм.

Тухайн үед энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч, онцгой байдал, цагдаагийн албаны 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг Тэрэлж хавиарх бүх ой мод, уул хадыг самнан эрэн хайж байсан ч алга болсон бүсгүйн асуудал тэгсгээд намжсан. Мөн бүсгүйн ар гэрийнхэн тухайн үед цагдаагийн байгууллагатай хамтран Тэрэлжид очиж байрлан охиноо хайж байсан билээ. Гэсэн хэдий ч тусыг эс олсон бөгөөд бүсгүйн сураг, ажиг өдөр хоног ирэх тусам бүдгэрч, ар гэрийнхэн нь санаагаа чилээн, сэтгэлээ шаналгаж сууна.

Дотоодод гарсан коронавирусийн халдварын улмаас бүсгүйг эрэн хайх ажиллагаа зогссон байдалтай байгаа ч ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллага руу үе үе залган сураг, ажиг тавьсаар байдаг гэнэ. Бид алга болсон Б.Оргил бүсгүйн аав М.Бямба-Өлзийтэй утсаар холбогдон ярилцлаа.

-ОХИНЫГ МИНЬ ОЛОХ ЭРЛИЙН АЖИЛЛАГААГ ЦАГДАА, ОНЦГОЙ АЛБА ХААГЧИД ӨДӨР БҮР ХИЙЖ БАЙСАН Ч ХАЛДВАР ГАРСАН УЧИР ОЛНООРОО ХАЙХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН-

-Охин тань алга болоод долоон сар өнгөрч байна. Энэ хугацаанд ямар нэгэн сураг ажиг гарав уу?

-Огт гараагүй. Бид маш их гайхаж, сүүлдээ цөхөрсөн байдалтай л байцгааж байна.

-Яагаад одоог хүртэл сураг ажиг гарахгүй байгаа юм бол, эрлийн ажиллагаа юу болсон бэ?

-Эрлийн ажиллагаа алга болсноос нь хойш арван сар гартал хэвийн үргэлжилсэн л дээ. Арван сар гараад хүйтэрч, навчис шарлаад эхэлсэн үед мөн 100 гаруй цагдаатай очиж, самналт хийсэн. Удалгүй коронавирус халдвар гарч бүх нийтээр хөл хорио тогтоож эхэлсэн цагаас эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Түүнээс хойш хаашаа ч явж, юу ч хийж чадалгүй л сууж байна. Сүүлд бас хүмүүсийн өгсөн дуудлагаар цагдаа нар очиж шалгасан ч биш байсан гэсэн.

Бид ч бас сураг ажиг гарсан байх вий гэж горьдоод цагдаагийн газар руу үе үе залгаж асуудаг юм.

Хэзээ нэгэн өдөр олдож магадгүй гээд хэргийг нь хаалгүй сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтанд оруулчихсан, үргэлжилж байгаа л гэдэг. Бас цаашаагаа хил, гааль гээд бүх газар руу мэдэгдчихсэн байдаг юм билээ, улс даяар эрэн хайж байгаа тул Монголын бүх аймаг, сумдын цагдаагийн газарт бас мэдэгдсэн. Хэрвээ олдсон тохиолдолд түргэн шуурхай мэдэгдэнэ гэсэн.

-Цагдаа, онцгой байдлын газраас охины тань алга болсон шалтгааныг юу гэж таамаглаж байгаа бол?

-Санаа, оноо таамаг юу байна гээд л бид асуусан л даа. Тэгээд машины замтай ойрхон байсан болохоор хүмүүс аваад явж дээ гэдгээс өөр таамаглал бид нарт огт төрөхгүй байгаа. Ойр хавьд байсан ганц хоёр байгууллагуудад камерь байсан ч шөнө явж байгаа машины дугаар зэргийг нарийн тодорхой харуулж чаддагүй юм байна лээ. Бид бас тухайн үед хайж байхдаа хэд хэдэн удаа тэр хавиар дрон нисгэж хайсан.

Б.Оргил эмэгтэйн алга болсон гэх Тэнгэрийн энерги бясгалын төв

-ТЭР ОРОЙ ОХИН МИНЬ МАШИНАА АНДУУРААД ӨӨР ХҮМҮҮСИЙН МАШИНД СУУЧИХСАН БАЙХ ГЭЖ Л БОДДОГ-

-Ар гэрийнхнийх нь зүгээс үзэж, хардаг хүнд үзүүлсэн үү?

-Өө тэгэлгүй яахав бөө, зурхайч, лам  гээд л нэлээн хэдэн хүнд очиж үзүүлсэн. Бүгд л өөр, өөр зүйл хэлнэ. Зарим нь амьд гээд л, зарим нь байхгүй гээд л. Ийм, тийм зүгт байна, хажууд нь гол урсаж байна гээд л олон янзын л таамаг хэлж байсан. Бид ч хэлснийх нь дагуу баруун, зүүн гээд зүгт зүгт хайсан л даа. Сүүлдээ тэгээд үзүүлсэн, үзүүлээгүй ялгаагүй юм байна даа л гэж бодсон.

-Та бүхний хувьд охиноо хаашаа, яаж алга болсон гэж таамаглаж, ярилцаж байна?

-Бид зун алга болсон газар нь очиж, тэнд хэд хонож охиноо хайлцахад маш их хөл, хөдөлгөөнтэй газар юм билээ. Өдөр ч, шөнө ч машинтай хүмүүсийн цуваа тасрахгүй. Аялж, зугаалсан, согтуу хүмүүс маш их явж байсан. Тэр өдөр тав дахь өдөр болж таарсан болохоор их л хүмүүс явж байсан байх.Тэгэхээр охин минь  тэр орой машинаа андуурч, муу хүмүүсийн машинд л  суусан юм болов уу гэж боддог.

Бас Мэлхий хадны тэр хавьд 250 гаруй үйл ажиллагаа явуулдаг газрууд байдаг юм билээ. Гэсэн ч шаардлагатай газрууд буюу машинуудын дамжин өнгөрч буй пост, зам дагуу суурилуулсан ганц ч хяналтын камер байдаггүй юм билээ. Хичнээн олон цагдаа, үнэрч нохой очиж хайсан ч үнэхээр олдохгүй байгаа үед техник технологийн туслалцаа л хамгийн чухал юм билээ. Хэрвээ тэр хавьд ганц ч гэсэн хяналтын камерь байсан бол бид охиноо олчихсон ч юм бил үү л гэж боддог юм.

-Анх алга болох үед нь ойр хавьд байсан хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шалгасан уу?

-Тухайн үед хамт байсан, хамт бясалгалд явдаг, бясалгалын төвийг ажиллуулдаг гэх мэтчилэн хэд хэдэн хүмүүсийг дуудаж тайлбар мэдүүлэг авсан юм билээ. Энэ хэрэг Налайхын хэмжээнд шалгагдаж байсан бол сүүлдээ өргөжөөд бүр орон даяар эрлийн ажиллагаа үргэлжилсэн. Гэсэн ч тусыг эс олж, үр дүнд хүрээгүй. Сүүлд иргэдийн зүгээс энд, тэнд харлаа, сүүлд энэ хавьд явж байсан гэсэн утгатай мэдээлэл ирээд бид нар цагдаа нартай хамт очиж шалгахад бүгд л биш болж таарсан. Цагдаагийн байгууллагын зүгээс ч гэсэн тийм мэдээлэл ирвэл заавал очиж шалгадаг юм билээ. Дуудлага мэдээлэл өгсөн хүмүүсийг бүгдийг нь дуудаж уулзаад, тэр хавийн камерыг бас шалгасан. Сүүлд 13-р хорооллын тэр хавьд явж байна гээд очиж шалгахад бас л биш байсан.

-“МОБИКОМ” –ООС ШҮҮЛГЭЖ ҮЗЭХЭД БҮСГҮЙ ХАМГИЙН СҮҮЛД ЭЭЖТЭЙГЭЭ УТСААР ЯРЬСАН НЬ ТОГТООГДЖЭЭ-

-Найз нөхөд гэсэн хүмүүс нь холбогдсон уу, та бүхэнд ямар нэгэн мэдээлэл өгсөн үү?

-Ер нь тэгж хамт ийш тийш яваад байдаг олон найз нөхөд байхгүй л дээ. 2018-2019 оны хооронд МҮИС-д Япон хэлний багшаар ажиллаж байгаад гарсан. Түүнээс хойш гэр зуураа л ах эгчийнхээ хүүхдийг хараад л байж байдаг, заримдаа бясалгал хийхээр явдаг тийм л хүүхэд байсан. Гэхдээ тэр Тэрэлжид байдаг бясалгалын газар луу өмнө нь явж байгаагүй, Хан-Уул дүүрэгт байдаг нэг төвд явдаг байсан юм. Харин тэр газрыг зарим хамт бясалгалд явдаг хүнээсээ сонсоод очсон юм билээ.

-Алга болсон бүсгүй багаасаа цагаан хоолтон болж, бясалгалаар хичээллэж эхэлсэн гэж байсан. Танай гэр бүлд өөр цагаан хоолтой хүн байдаг уу?

-Ээж нь болон ээжийнх нь талын хэд хэдэн хүн цагаан хоолтой хүмүүс бий. 

Бид долоон сарын өмнө Тэрэлжийн “Мэлхий хад” орчмоос сураггүй алга болсон бүсгүйн аавтай ярилцаж, дээрх мэдээллүүдийг авлаа. Эрлийн ажиллагаа халдварт өвчнөөс болж зогссон ч цагдаагийн байгууллагаас бүсгүйн талаарх бүх мэдээллийг орон нутаг, хил гааль руу дамжуулсан тул олдсон тохиолдолд гэр бүлд нь яаралтай мэдэгдэнэ гэжээ.

Тиймээс гэр бүлийнхэн нь утсаа чагнан, цагдаагийн байгууллагаас хэзээ дуудлага ирэх бол гэж өдөр хоногийг өнгөрөөж сууна.

Б.Оргил гэх бүсгүй нь сүүлд ээжрүүгээ залгаад “намайг ирээд аваач” гэж хэлжээ. Харин ээж нь авахаар оройн 22:35 цагийн үед Тэрэлжид очиход бүсгүй хэдэн минутын өмнө гараад явсан байжээ. Түүнээс хойш бүсгүйн утас холбогдох боломжгүй болсон бөгөөд “Mobicom”-оос дугаарыг нь шүүлгэж үзэхэд хамгийн сүүлд ээжтэйгээ ярьсан нь тогтоогдсон байна. Бүсгүй алга болох үедээ саарал цайвар өнгийн цахилгаантай цамц, хар бэлтгэлийн өмд, улбар шар өнгийн кеттэй явж байжээ.

-Б.ОРГИЛ ТЭР ӨДРИЙН ОРОЙ 22:00 ЦАГИЙН ОРЧИМД ЭЭЖИЙГЭЭ ИРЖ АВАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙХДАА ХОЁР УДАА ГЭРЭЭС ГАРЧ ХАРСАН БА СҮҮЛД ГАРСАНААС 20 ОРЧИМ МИНУТЫН ДАРАА ЭЭЖ, АХ ХОЁР НЬ ИРЖЭЭ-

Бид бүсгүйг алга болсноос арав хоногийн дараа Тэрэлж тэр дундаа хотоос 60 километрийн зайд байрлах “Тэнгэрийн энерги” бясалгалын төвийг зорьж ойр, орчмыг сурвалжилж байсан бөгөөд тус газрыг хардаг гэх дөч гаруй насны н.Солонго гэх эмэгтэйгээс тухайн өдөр юу болсон талаар тодруулахад, “Б.Оргил долдугаар сарын 29-ний өдөр үдээс хойш энд байдаг байшинд засвар хийж байсан хоёр залуу болон хамт бясалгал хийдэг н.Жаргалмаа, мөн өөр нэг эмэгтэйтэй хамт ирсэн. Засварынхан өглөө ирээд ажлаа хийж байгаад орой хот руу буцдаг. Хамт ирсэн хоёр эмэгтэй нь тэдэнтэй хамт оройдоо явсан.

Харин н.Оргил надтай хамт хоёр өдөр бясалгал хийхээр үлдсэн юм. Хоёр өдөр тэнгэр бүрхэг байсан болохоор би Оргилд “Эгч нь түлээгүй боллоо. Гурван хоног аадар орно гэж байна. Галгүй гэрт чи зутрах байх. Гэртээ харьсан нь дээр биш үү. Бороо хур орохоо болихоор эргээд ирж болно шүү дээ” гэж хэлж байсан юм.

Надад “Үгүй ээ, би бүтэн сайн хүртэл бясалгал хийнэ” гэсэн. Гэтэл орой нь н.Оргил “Солонго эгч ээ, засварын хүмүүс буцах гэж байна уу. Би хамт хот руу явъя” гэсэн. Өөрөө мэдэж байгаа байлгүй гэж бодоод гэрт сууж байтал  төд удалгүй “Би багтсангүй ээ” гээд ороод ирсэн юм. тэр үед оройн 22:00 цаг болчихсон байсан байх. Нэлээн харанхуй болсон байсан. Оргил ээж рүүгээ залгаад “ирж аваач” гэж ярьсан. Би тэр үед нь “Энэ харанхуй шөнө ээжийгээ нааш нь явуулж яах гэсэн юм бэ. Санаа нь зовчихно. Өнөө шөнөдөө хоночихоод, маргааш хүмүүс ирэхээр суугаад явахгүй юу” гэж хэлсэн юм.  Оргил хэсэг байж байгаад ээж рүүгээ “За за, би бүтэн сайн өдөр хүртэл бясалгахаар боллоо. Ирж аваад хэрэггүй. Гэр рүүгээ буц” гэж ярьсан.

Харин ээж нь “Бид нар Налайхад ирчихсэн байна. Чи байж бай, одоо очоод авлаа” гэх шиг болно лээ. Түүнээс хойш гэнэтхэн гэрийн гадаа хүмүүс дуугараад явчихсан. Гэтэл Оргил “Ээж ирчихсэн юм шиг байна. Гадаа хүмүүс дугараад байна” гээд гарсан юм. Удалгүй “биш байна” гээд буцаж орж ирсэн. Харин тэр хүмүүс нь манайд бясалгахаар ирдэг хэдэн хүмүүс байсан. Тэр хэд хамт орж ирцгээгээд бид нар хэсэг юм ярьж суусан юм. н.Оргил жаахан сууж байгаад “одоо ирчихсэн байх” гээд ахиад гарсан. Тэгээд орж ирээгүй. Харин түүнийг гарснаас 10-20 минутын дараа ээж, ах хоёр нь асуусаар орж ирсэн. Тэр үед гайхаад бүгд гадуур гарж хайцгаасан. Ингээд гэнэт алга болчихно гэж бодоогүй. Бид тэр шөнөжин үүр цайтал хайсан” гэж ярьж байсан юм.

Бидний наймдугаар сард Тэрэлжид очиж хийж байсан сурвалжлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү