“Зогс” гэсэн дохио харалгүй тоормосоо оройтуулж барьсан “Айраг” өртөөний ослыг шалгаж эхэлжээ

“Зогс” гэсэн дохио харалгүй тоормосоо оройтуулж барьсан “Айраг” өртөөний ослыг шалгаж эхэлжээ

Улаанбаатар төмөр замын “Айраг” өртөөний зам дээр шинийн 1-ний өдөр буюу энэ сарын 11-ны өдөр чингэлэг тээвэрлэж явсан гурван вагон замаас гараад зогсож байсан вагонтой мөргөлджээ. Уг хэргийг "Улаанбаатар төмөр зам" болон хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүн бэртэж гэмтээгүй байна.

Энэ талаар УБТЗ-ын Тээврийн хяналтын албанаас  "Энэ оны 2 дугаар сарын 12-ны өдрийн өглөөний 5 цаг 58 минутад Айраг өртөөний галт тэрэгний бүрэлдэхүүнийг эмхлэн найруулах зориулалттай 4 дүгээр зам руу хоосон 26 вагоныг ачаатай 50 вагонтай холбохоор түрж орох үед уг хэрэг явдал болсон.

Найруулагч, туслах найруулагчийн ЗОГС гар дохиог харалгүйгээр машинч хөдөлгөөнийг үргэлжлүүлэхдээ  тоормос оройтуулж барьснаас хөдлөх бүрэлдэхүүнийг 15 км/цаг-ийн хурдтай мөргүүлж, контейнер ачсан 3 вагоныг замаас гаргасан. Энэ үед төмөр замчид гэмтэж бэртээгүй бөгөөд гол замын тээврийн хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байсан" гэж мэдээлжээ.

Болсон явдлын талаарх мэдээллийг Галт тэрэгний хөдөлгөөн удирдлагын төвийн ахлах диспетчер холбогдох тушаал, журмын дагуу ЗТХЯ-ны удирдлага, УБТЗ-ын дарга нарт яаралтай илтгэж, холбогдох арга хэмжээ авчээ. Замаас гарсан 3 вагоныг тухайн өдрийн 18.50 цагт сэргээн босгосон байна. ЗТХ-ийн сайд Л.Халтар УБТЗ-ын удирдлагад болсон асуудлыг шуурхай шалгаж шийдвэрлэх тухай тодорхой үүрэг өгсөн бөгөөд УБТЗ-аас комисс гаран шалгаж байгаа аж.