Хойд Солонгосын хакерууд "Pfizer"-ийн вакцины мэдээллийг хулгайлахыг оролджээ

Хойд Солонгосын хакерууд "Pfizer"-ийн вакцины мэдээллийг хулгайлахыг оролджээ

Дэлхийн олон оронд вакцин нийлүүлэлтээ хийж буй АНУ-ын эм үйлдвэрлэлийн “Pfizer” компанийн дотоод мэдээллийн системд Хойд Солонгосын хакерууд халдсан хэмээн өчигдөр/2021.02.16/ БНСУ-ын Тагнуулын албанаас мэдээлжээ.

Тодруулбал, өчигдөр Сөүл хотод парламентын гишүүдтэй хийсэн хуралдааны үеэр Үндэсний тагнуулын албаны ажилчид “Хойд Солонгос “Pfizer” компанийн COVID-19 вакцины мэдээллийг хулгайлыг оролдсон” хэмээн тайлагнасан байна. Гэхдээ халдлага яг хэзээ гарсан, мөн амжилттай болсон эсэх талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй аж. 

Өнгөрсөн 11-р сард Хойд Солонгосын хакеруудыг Их Британийн коронавирусийн эсрэг вакцин боловсруулагч AstraZeneca-руу кибер дайралт хийсэн гэж "Ройтерс" агентлаг мэдээлж байсан. Тухайн үед “AstraZeneca” энэ талаар тайлбар өгөхөөс татгалзаж байсан бол Оксфордын их сургуулиас “Бид вакцины судалгааны талаарх мэдээллийг маш сайн хамгаалахын тулд Их Британийн Кибер аюулгүй байдлын үндэсний төвтэй хамтран ажиллахаар болсон” гэсэн хариуг хэлж байв.

Кибер аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг “Obrela” фирмийн захирал Жорж Даглас "Ковид-19-ийн вакцин манай гарагийн хамгийн их эрэлттэй "хөрөнгө" болж байна. Тиймээс кибер халдлагын бай болж буйд нь гайхах зүйл байхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн “F-Secure” судалгааны  байгууллагын ахлах ажилтан Микко Хиппонен “Хойд Солонгос бол хакерын зузаан түүхтэй улс. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд гэхэд л их хэмжээний санхүүгийн хохирол учруулсан кибер халдлагын цаана Хойд Солонгосын хакерууд байсан” гэжээ.

“Pfizer” компани руу халдсан тухай Өмнөд Солонгос болон Америкийн хэд хэдэн гол хэвлэлүүд мэдээлжээ. Харин "Pzifer" болон Хойд Солонгосын талаас албан ёсны ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Энэ талаар BBC агентлаг "Pzifer"-аас тайлбар авахыг хүссэн ч хариу өгөөгүй байна. 

Эх сурвалж: Yonhap, BBC, VoiceofAmerica




Өнөөдөр хонь өдөр

16 минутын өмнө